ОХУ-д анх удаа нано шаазангаар хийсэн эрүү шилжүүлэн суулгах мэс засал хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
bars@montsame.mn
2017-08-24 14:24:00
ТОМСК./TASS/. Нүхжилттэй нано шаазангаар хийсэн хиймэл эрүү шилжүүлэн суулгах мэс заслыг анх удаагаа Оросын Томск хотод хийжээ. Энэ тухай лхагва гарагт Томскийн их сургуулийн хэвлэлийн алба мэдээллээ. 

Дээрх мэс заслыг нэхдэс эдийн өвчлөлийн улмаас дээд эрүүнийх нь нэг хэсэг гэмтэн устсан 26 настай өвчтөн эмэгтэйд хийжээ. “Өвчтөний эрүүний гэмтсэн хэсгийг нь авсны дараа зүүн дээд эрүүний зөөлөн эд болон ясны эдийн согог гэмтэл үүссэн. Хатуу тагнай нь байхгүйн улмаас өвчтөнд ярих, хооллоход тун их хүндрэлтэй байдгаас гадна, хараа нь давхар муудсан. Нүдний алим нь хатуу тулгуургүй болсноор нүд нь голчлон булчин дээрээ тогтохоос аргагүйд хүрч, улмаар нүдэнд нь юм давхарлан харагдах болсон” хэмээн хавдрын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтан Денис Кульбакины ярьсныг тус хэвлэлийн алба иш татжээ.

Шаазан имплант суулгахгүйгээр эрүүг нь бүрэн нөхөн сэргээх боломжгүй байсан ба өвчтөний нүүрнийх нь контурыг сэргээхийн тулд тайрсан ясных нь хэлбэртэй яг адилхан орлуулагч хийх шаардлагатай болжээ. Учир иймээс л эмч нар нүхжилттэй нано шаазангаар хийсэн хиймэл эрүүг ашигласан хэрэг. Ийм нүхжилттэй нано шаазан материалыг Томскийн улсын их сургууль, Оросын ШУА-ийн материал судлалын хүрээлэнд зохион бүтээсэн ажээ.

“Нүхжилттэй шаазан нь бүтцээрээ органик бус ясны матрикстэй төстэй, тийм болохоор бие махбодийн зүгээс мэс заслын дараа болон хэсэг хугацааны дараа таагүй реакц үүсгэдэггүй. Энэ материалын тусламжтайгаар бараг ямар ч ясыг орлуулах боломжтой” хэмээн ТИС-ийн эмнэлгийн материалын лабораторын дарга, физикийн хүрээлэнгийн профессор Сергей Кульков онцлон тэмдэглэжээ.

Дээр дурдсан өвчтөнд хийсэн нөхөн сэргээх эмчилгээг үнэгүй хийж өгсөн ба учир нь уг мэс заслыг төсөвлөсөн хөрөнгийн хүрээнд хийж байгаа аж. Эмч мэргэжилтнүүдийн тооцоолсноор, иймэрхүү төрлийн мэс засал хийлгэх шаардлагатай өвчтөн жил бүр хэдэн арваараа Хавдрын эрдэм шинжилгээний хүрээлэнд ханддаг бол нийт орон даяар ийм өвчтөн хэдэн мянгаар тоологддог байна.
О.Барс 
Связанные новости