ДЭМБ: Конго улсад булчин задрах тахлаар 500 гаруй хүн нас бараад байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2017-09-11 14:25:01
КИНШАСА. /Америкийн дуу хоолой/. Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад холер буюу булчин задрах тахал дэгдсэний улмаас одоогоор 500 гаруй хүн нас бараад байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдэгдсэнийг “Америкийн дуу хоолой” мэдээллийн агентлаг уламжилжээ.

Эрүүл ахуйн шаардлага хангаагүйн улмаас болон бохир усаар дамждаг энэ тахал нь Конго улсад байнга дэгддэг юм.

Гэсэн хэдий ч 10 хот суурин газар, тухайлбал нийслэл Киншаса хотыг хамраад буй энэ удаагийн дэгдэлтэд ДЭМБ-ын албаны хүмүүс ихээхэн сэтгэл түгшиж байна. Учир нь тус улсын төвийн бүс нутгийн Касай мужийн 1.4 сая иргэн хүчирхийллийн улмаас орон гэрээсээ дайжаад байгаа энэ үед тахлын халдвар тархаад байна.

ДЭМБ-ын мэдэгдсэнээр, Конго улсын 26 мужийн 20-д нь булчин задрах тахал тархсанаар 528 хүн амиа алдаад байгаа ажээ. Тус байгууллагаас ням гарагт гаргасан мэдэгдэлд “Эрүүл ахуйн болон аюулгүй байдлын нөхцөл байдал өдрөөс өдөрт доройтож буй  Их Касай муж өвчний тархалтад нэрвэгдэх эрсдэл өндөр байна” гэжээ.

Энэ он гарснаас хойш тус улсад булчин задрах тахлын халдвар авсан байж болзошгүй 24 мянга гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Долдугаар сарын эцэс хүртэлх хугацаанд долоо хоногт дунджаар булчин задрах тахлын халдварын 1400 тохиолдол нэмж бүртгэгддэг байжээ.

Булчин задрах тахлын тархалтыг дарах хүчин чармайлтын хүрээнд ДЭМБ халдварт өвчин судлаачид болон эмнэлгийн мэргэжилтнүүдийн багаа саяхан Конго руу илгээсэн байна.
Г.Доржханд
 
 

 
Связанные новости