Биеийн тамир спортын газрын 70 жилийн ой тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-09-20 22:21:36
 Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Биеийн тамир спортын байгууллага үүсч хөгжсөний түүхт 70 жилийн ойн арга хэмжээ энэ амралтын өдрүүдэд тохиолоо. Баярын нээлт Юмжаагийн Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлснээр эхлэж, БТСГ-ын зааланд баярын хурал болж, Монголын Үндэсний Олимпийн Хорооны шагнал, спортын цол зэрэг, гардуулснаар үргэлжилсэн юм.
Мөн Увс аймагт үйл ажиллагаа явуулж байгаа спортын холбоодын баг тамирчдын үзүүлэх тоглолт боллоо. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд дуурсгасан олон арван тамирчид Увс нутгаас төрөн гарсан байна. Зөвхөн олимпийн медальтнуудыг дурьдвал, “Мехико-1968” зуны олимпийн наадмын хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Т.Артаг, “Мюнхен-1972” зуны олимпийн мөнгөн медальт, самбо, чөлөөт бөхийн дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Х.Баянмөнх, “Афин-2004” зуны олимпийн наадмын хүрэл, жүдо бөхийн ДАШТ-ний алт, хүрэл медальт, Самбо бөхийн дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт С.Ням-Очир, “Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт, Дэлхийн аваргын алтан медальт Д.Сумъяа нар байна. Мөн үндэсний бөхийн спортоор Монгол Улсын дархан аварга Х.Баянмөнх, аварга О.Балжинням, С.Мөнхбат, Монгол Улсын арслан Ж.Хайдав, М.Мөнгөн, Б.Ганбат, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Монгол Улсын гарьд Б.Гантогтох, Ө.Бат-Орших нарын олон тамирчид энэ дэвжээнээс төрсөн байна.
Б.Батхүү
Связанные новости