"Монгол-Солонгосын анд нөхдийн нөхөрсөг уулзалт" хоёр дахь жилдээ амжилттай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
gantuya@montsame.mn
2017-09-25 17:00:57
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Бүгд найрамдах Солонгос Улсын Элчин сайдын яам хамтран жил бүр зохион байгуулдаг хэвлэл мэдээллийн салбарын ажилчид, дипломатуудын “Спорт өдөрлөг” өнгөрөгч бямба гарагт Тэрэлж дэх “Мираж” жуулчдын баазад амжилттай болж өндөрлөлөө.

Энэ жилийн хувьд Монголын сурын холбоо хамтарч энэхүү өдөрлөгийг зохион байгуулсан нь онцлогтой байлаа. Арга хэмжээнд 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 50 гаруй сэтгүүлч, Элчин сайдын яамны дипломат ажилчид оролцсон бөгөөд үндэсний сурын харваагаар цэц мэргэнээ сорьсон юм. Тэмцээнд түрүүлсэн хоёр ялагчийг ирэх 10 дугаар сарын 16-20-нд болох БНСУ-д танилцах аялалд оролцох эрхийн бичгээр шагнах байлах юм. Нум эвшээлгэж, сум тавихаар 16 баг болж хуваагдан оролцсон.



Өдөрлөгийн нээлтийн ажиллагааны үеэр МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид “Монгол-Солонгос анд нөхдийн спорт уулзалтыг өнгөрсөн жил анх зохион байгуулсан нь амжилттай болж, сэтгүүлч, дипломат ажилтнууд идэвхтэй оролцож байсан. Тийм ч учраас энэхүү нөхөрсөг арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаар тогтсон билээ. Өнөөдрийн арга хэмжээ нь МСНЭ, БНСУ-ын Элчин сайдын яам  хамтарсан 2 дахь удаагийн, БНСУ-ын Элчин сайдын яамнаас сэтгүүлчидтэй хамтран зохион байгуулсан 4 дэх удаагийн спорт уулзалт болж байна” гэлээ.

МСНЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга С.Алтанцэцэг “Сэтгүүлчид энэ өдөрлөгөөс ардынхаа уламжлалт өв соёл, дэлхийд гайхагдсан Монгол спортоос суралцаж, судалж байна. БНСУ-ын Элчин сайдын яамнаас зохион байгуулж байгаа нь өөрийн улс орноо суугаа орондоо сурталчлан таниулж буй явдал юм.Өнгөрсөн жилийн уулзалтад 100 орчим сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилчид оролцож, ихээхэн өрсөлдөөнтэй тэмцээн болж байсан. Спортын төрлөөр өрсөлдөх, үндэсний спортдоо суралцах нь Элчин сайдын яамны ажилчдаар дамжуулан Монголын соёлын өвөө цаашид сурталчлах гарц юм” гэв.

БНСУ-ын Элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга Шин Сан Кюн “Өдөрлөгт идэвхтэй оролцсон сэтгүүлчиддээ баярлалаа. Манай ЭСЯ олон нийттэй харилцах дипломат арга хэмжээний хүрээнд энэхүү өдөрлөгийг зохион байгуулдаг. Монгол-Солонгосын харилцаа, хамтын ажиллагааг дэлгэрүүлэх үйл ажиллагаанд сайн үр дүнд хүрэхүйц мэдээ мэдээллийг түгээж байдагт талархдаг. Тиймээс ЭСЯ, МСНЭ-тэй цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлнэ” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.



Ингээд цэц мэргэнээ сорьсон харваачдаас шилдгээ тодруулж өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулав.

Багийн төрөлд:
1-р байр - МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш М.Одмандах, БНСУ-ийн Элчин сайдын яамны ажилтан Хэрлэн, Мөнхжаргал
2-р байр - Багийн ахлагч М.Баасанжав, “Зууны мэдээ” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Х.Мөнхжаргал, сэтгүүлч Амартүвшин ,
3-р байр – МСНЭ-ийн ажилтан Г.Галмандах, СТА дуучин Н.Насанбат, Зиндаа.мн сайтын сэтгүүлч С.Өлзийбаяр нар шалгарав.

Ганцаарчилсан харваанд:
Эрэгтэй – 1-р байр МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш М.Одмандах, 2-р байр М.Баасанжав, 3-р байр Н.Насанбат
Эмэгтэй - 1-р байр “Ардчилал” сонины сэтгүүлч А.Акерке, 2-р байр “Зууны мэдээ” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Х.Мөнхжаргал, 3-р байр БНСУ-ын Элчин сайдын яамны ажилтан Нарантуяа нар тус тус шалгарсан.

Монголын үндэсний спортыг сурталчлах түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилготой анд нөхдийн өдөрлөгт оролцсон сэтгүүлч, дипломат ажилтнууд сэтгэл хангалуун буцсан юм.
 
Н.Гантуяа 
Гэрэл зургийг Б.Чадраабал
Связанные новости