Багш нар ур чадвараараа өрсөлдөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Увс аймгийн боловсролын салбарыг 2020 оныг хүртэл хөгжүүлэх багц хөтөлбөрт багшийн хөгжил, сурагчийн хөгжил, сургуулийн хөгжил гэсэн гурван зорилтыг тусгасан байдаг. Энэ хүрээнд ялангуяа тав хүртэл жил ажилласан залуу багш нарын онолын мэдлэг, багшлах ур чадварыг сайжруулах зорилгоор ур чадварын уралдаан зохион байгуулдаг юм.
Энэхүү уралдааны эхний шат бүсийн хэмжээнд зохион байгуулагдсан бөгөөд нийтдээ 140 гаруй багш оролцсоноос 24 багш шалгарчээ. Тодруулбал, баруун, зүүн, хойд бүс гэсэн гурван бүсийн хэмжээнд зохион байгуулагдсан ур чадварын уралдаанаас мэдлэг ур чадвараараа шалгарсан шилдэг 24 багшийн дунд сүүлийн шатны шалгаруулалт явагдаж байна. Энэ хүрээнд багш нарыг заах арга барил, онолын мэдлэг, хүүхдийг сэдэлжүүлсэн байдал, бүтээлч сэтгэлгээ гэх мэтчилэн 20 шалгуур үзүүлэлтээр үнэлж дүгнэн шагнаж урамшуулах ба шалгарсан сайн хичээлийг бусад сургуулиудад түгээн дэлгэрүүлэх юм. Үүнээс гадна илтгэлийн уралдаанд тэргүүлсэн шилдэг илтгэгч багшийг улсын уралдаанд оролцуулах аж. “Хүүхдийг сургуулийн орчинд хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэгч субьект бол багш байдаг. Энэ ч утгаараа багш нар мэдлэг, ур чадварын хувьд бэлтгэгдсэн, туршлагатай, цаг ямагт өөрийгөө хөгжүүлдэг байх ёстой. Иймээс энэхүү ур чадварын уралдаанд ихээхэн ач холбогдол өгч, цаашид жил бүр зохион байгуулна” хэмээн аймгийн БСУГ-ын дарга С.Дашням онцоллоо.
Б.Батхүү