МАН их хурлын төлөөлөгчөө сонгож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-11-02 17:20:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын ээлжит 28 дугаар их хурлаа ирэх сарын 20-22 өдөр  хийхээр товлосон.

Үүнтэй холбоотой аймаг, нийслэл, сум, дүүргийн намын анхан шатны байгууллагууд их хурлын төлөөлөгчийг сонгох ажлыг зохион байгуулж байна. Төлөөлөгчдийг сонгох ажил өнгөрсөн сарын 27-нд эхэлсэн бөгөөд энэ сарын 6-ны өдрөөр дуусгавар болох юм.
Их хуралд аймаг, нийслэл, сум дүүргийн ахмад, дунд, залуу төлөөлөл болсон 1309 хүн оролцоно. МАН-аас төлөөлөгчдийг ардчилалтай, нээлттэй, өрсөлдөөний зарчмаар дэвшүүлж, нууцаар санал хурааж, хамгийн олон санал авсан төлөөлөгчийг сонгох зарчмыг барьж байна. Харин аймаг, сум, нийслэлээс оролцох төлөөлөгч тус бүрийн тоог тухайн аймаг, нийслэлийн намын байгууллагын гишүүдийн тоо, намын нийт гишүүдийн хэдэн хувийг эзэлж байгаад харьцуулан хувилаж тогтоох аж. 

Өнөөдрийн байдлаар тус нам 211637 гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд нийслэлд 34896, орон нутагт 176741 гишүүнтэй. Түүнчлэн МАН-д нийслэл, 21 аймаг, 9 дүүргийн 152 хороо, 330 сум тэдгээрт харьяалагдах 1815 үүр ажиллаж байна. 
 

Б.Туул

Связанные новости