Хакүхо М.Даваажаргал: Харүмафүжи Таканойва-г шар айрагны шилээр цохиогүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2017-11-16 21:31:35
ТОКИО. /Эн-Эйч-Кэй/. Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нутаг нэгт залуу бөх Таканойва А.Баасандоржийн биед халдаж, хүнд гэмтэл учруулсантай холбогдуулан 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал уучлалт гуйлаа гэж “Эн-Эйч-Кэй” телевиз мэдээлэв.

Эх сурвалжийн мэдээлснээр, Тоттори хотод тойргийн барилдаан хийхээр очоод байхдаа буюу 10 дугаар сарын 25-ны орой Харүмафүжи Д.Бямбадорж Таканойва А.Баасандоржийг зодох үед Хакүхо М.Даваажаргал болон 71 дэх их аварга Хакүрю М.Ананд тэргүүтэй монгол бөхчүүд хамт байсан аж. Тэд шар айраг уугаад сууж байсан байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан Хакүхо өнөөдөр сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ “Харүмафүжи Таканойвагийн биед халдсан. Ийм хэрэг болсонд маш их харамсаж байна. Би тэдэнтэй хамт байсан” гэжээ.

Тэрбээр цааш нь ярихдаа “Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байгаа шиг Харүмафүжи Таканойва-г шар айрагны шилээр цохиогүй. Харүмафүжи шар айрагны шил барьж авсан ч гараас нь мултарч унасан. Дараа нь би тэднийг салгахад Харүмафүжи өрөөнөөс гарч явсан” гэжээ.

Энэ хэргийн талаар мэдэх бусад хүн ярихдаа “Өөрөөсөө өндөр цолтой, чансаа өндөр бөхчүүдтэй хүндэтгэлтэй харьцсангүй гэж Харүмафүжи Д.Бямбадорж Таканойва А.Баасандоржийг зэмлэсэн. Харин Таканойва А.Баасандорж үл тоосон янзтай, утсаараа оролдоод байхаар нь Харүмафүжи уурлаж, зодсон” гэсэн байна.

Харүмафүжид зодуулан бэртэж гэмтсэний улмаас хоёр долоо хоногийн эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон учраас Таканойва энэ сарын башёг өнжөөд байгаа юм. Түүний гавлын яс нь цуурч, тархи нь хөдөлсөн  байна гэж эмч оношилжээ.

Харүмафүжи мягмар гарагт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан уучлалт гуйхын сацуу “зүүн тохойн үрэвсэл”-ийн улмаас башёг үргэлжлүүлж чадахааргүй болсноо мэдэгдсэн юм.
Г.Доржханд
Связанные новости