"U-23" насны ангиллын ДАШТ-д Монголын эмэгтэй бөхчүүд IV байрт шалгарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Польшийн Быдгош хотноо бөхийн төрлүүдийн 23 хүртэлх /U-23/ насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн барилдаан энэ сарын 23-24-нд болж манай баг тамирчид IV байрт шалгарлаа.
Энэхүү анхдугаар тэмцээнд Монгол Улс бүтэн багаа илгээсэн бөгөөд “Хасу-Мегастарс” клубын тамирчин ОУХМ А.Батцэцэг 58 кг-д мөнгө, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Г.Отгонжаргал 53 кг-д, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Гантуяа 60 кг-д хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлэв.
Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг нэг мөнгө, хоёр хүрэл, гурван шагнал байртай 30 улсаас 30 оноотой багийн дүнгээр ийнхүү IV байрын эзэд болов.
Харин Япон улс 75 оноогоор тасархай тэргүүлэв. 48 кг-д Туркийн Эрин Демирхан, 69 кг-д Францын Кумба Ларрок нар аваргалсан бол үлдсэн бүх жинд Японы бүсгүйчүүд аварга боллоо. Харин Украин улсын баг 47 оноотой хоёр, ОХУ 34 оноотой гуравдугаар байр эзлэв.
Эмэгтэй бөхчүүдийн жин тус бүрийн дүнг танилцуулахад:
48 кг-д (15 бөх): 1. Демирхан (Турк) 2. Риту Риту (Энэтхэг) 3. Зу Жиан (БНХАУ), Туркан Насирова (Азербайжан) ... 11. Б.Чимгээ (Монгол)
53 кг-д (18): 1. Мико Игараши (Япон) 2. Ки Зан (БНХАУ) 3. Г.Отгонжаргал (Монгол), Екатерина Полешук (ОХУ)
55 кг-д (12): 1. Харүна Окүно (Япон) 2. Ирина Курачкина (Беларусь) 3. Нина Менкенова (ОХУ), Алина Акобия (Украин) ... 10. Б.Болортуяа (Монгол)
58 кг-д (15): 1. Юзүрү Күмано (Япон) 2. А.Батцэцэг (Монгол) 3. Татьяна Кит (Украин). Элин Йоханна Нильссен (Швед)
60 кг-д (15): 1. Юү Сакано (Япон) 2. И.Прокопевнук (Беларусь) 3. Э.Гантуяа (Монгол), Татьяна Омелченко (Азербайжан)
63 кг-д (17): 1. Айна Жимпей (Япон) 2. Бракстон Стоун (Канад) 3. Моа Леа Мария Ныгрен (Швед), Адела Ханзликова (Чех) ... 9. Х.Болортуяа (Монгол)
69 кг-д (18): 1. Кумба Ларрок (Франц) 2. Н.Мацүюки (Япон) 3. Д.Домикайтит (Литва), Юдари Санчес Родригес (Куба) ... 13. М.Хишигмаа (Монгол)
75 кг-д (14): 1. Ясүха Мацүюки (Япон) 2. Грейспин Дуган (Канад) 3. Анастасия Шустова (Украин), Фрэнси Радельт (Герман) ... 9. П.Номин-Эрдэнэ (Монгол)
Д.Өлзий