“Монголын тэмүүлэл” клубын баг тамирчид футзалын 2017 оны улсын аваргаар тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-11-25 21:43:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр футзалын 2017 оны Монгол Улсын аваргаар “Монгол тэмүүлэл” клубын баг тамирчид тодорлоо.

Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг УАШТ 14 хоног үргэлжилсэн бөгөөд нийт 28 багийн 300 гаруй баг тамирчдын оролцсон юм.

Футзалын УАШТ-ий хүрэл медалийг Дархан-Уул аймгийн баг тамирчид зүүсэн бол аваргын төлөө “Монголын тэмүүлэл”, “ШМ Баянгол” клубүүд өрсөлдөж Ц.Ганболд дасгалжуулагчтай “Монголын тэмүүлэл” клуб өрсөлдөгчөө 5:1-ээр буулган авч футзалын УАШТ-ий алтан цомын эзэд болов.

Шигшээ тоглолтын дараа тэмцээний хаалтын үйл ажиллагаа болж, энэ жил анх удаа зохион байгуулах “Футзалын нэгдүгээр лиг”-т өрсөлдөх багууд эрхийн бичгээ гардан авсан юм.

Улмаар шилдэг  хөлбөмбөгчдийг тодруулахад, шилдэг хаалгачаар Г.Эрдэнэбаяр /Монголын тэмүүлэл/, тэгш тоглогчоор Г.Батцэнгэл /ШМ Баянгол/, шилдэг довтлогчоор тэмцээний турш өрсөлдөгчийнхөө хаалганд 18 гоол оруулсан Г.Ууганбаяр /Монголын тэмүүлэл/ тус тус шалгарлаа.
 

Д.Өлзий

Связанные новости