Томилгооны сонсголыг хийхэд нарийвчилсан журам батлах шаардлагатай гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийтийн сонсгол зохион байгуулах асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонсов.
Санал дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч О.Содбилэг танилцуулсан юм. Тус ажлын хэсгийн өчигдрийн хуралдаанаар БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшигч Б.Хурцын томилгооны асуудалтай холбогдуулан Томилгооны сонсгол зохион байгуулах эсэх асуудлыг хэлэлцжээ. Ингээд томилгооны сонсголыг ямар албан тушаалтан дээр явуулах асуудлыг нарийвчлан заагаагүй, мөн энэ талаарх журам батлагдаж гараагүй учраас эрх зүйн зохицуулалт тодорхойгүй байна гэж ажлын хэсгийн гишүүд үзсэн байна. Иймээс Элчин сайдыг томилох, эгүүлэн татах асуудлыг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүдтэй холбогдож ярьсан асуудлыг Тусгай хяналтын дэд хорооны хуралдаанаар хэлэлцэх, харин нэр дэвшигчтэй холбоотойгоор иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг Өргөдлийн байнгын хороонд шилжүүлж нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн болохыг энэ үеэр танилцуулав.
Ингээд байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдээс хэлсэн саналыг ажлын хэсгийн санал дүгнэлтэд нэмж тусган УИХ-ын даргад танилцуулахаар тогтлоо.
Б.Туул