2018 оныг сургалтын жил болгон зарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-01-04 16:33:41
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт харааны бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөл 2006 онд байгуулагдсан. Энэ цагаас хойш холбооны зүгээс гишүүдээ идэвхжүүлэх, урам зориг хайрлах зорилгоор тэдний дунд олон төрлийн ажил, үйл ажиллагааг тодорхой уриан дор тогтмол явуулсаар ирсэн билээ. Харин 2018 оныг тэд сургалтын жил болгон зарлажээ.

Тус аймагт харааны бэрхшээлтэй 300 гаруй иргэн бий. Тэдэн дунд бичиг үсгийн боловсролгүй хүн цөөнгүй байдаг. Харааны бэрхшээлтэй иргэдийн нүд болсон брайль үсгийг мэддэг хүн ч цөөхөн байдаг. 2017 онд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын олон нийтийг түшиглэсэн халамжийн үйлчилгээний хүрээнд арван гишүүнд, мөн Насан туршийн боловсрол төв, Гэгээрэл төвүүдтэй хамтран гурван гишүүнээ брайль үсгийн сургалтанд хамруулжээ. Ингэснээр ердөө 10 гаруйхан хүн брайль үсгээр уншиж бичиж чаддаг болжээ. Харин цаашид үлдсэн хүмүүстээ брайль үсгийг болоод бусад чиглэлээр мэдлэг, чадвар олгох сургалтуудыг салбар зөвлөл бие даан болоод холбогдох газруудтай хамтран хийхээр төлөвлөжээ.

“Хүүхдүүд харааны бэрхшээлтэй иргэд юу хийж чаддаг, уншиж бичиж чаддаг эсэхийг ч мэддэггүй. Тиймээс эхлээд бид өөрсдөө суралцаад дараа нь хүүхэд багачууддаа үлгэрлэх хэрэгтэй. Эхний ээлжинд брайль үсгийн талаарх мэдээллийг иргэдэд түлхүү өгөхийг зорьж байна. Ер нь бага ангийн багш, багийн дарга нар дохионы хэл, брайль үсгийн талаар анхан шатны мэдлэгтэй байх ёстой гэж боддог. Ингэж байж тэд энэ төрлийн иргэдтэй илүү ойр байж чадна шүү дээ” хэмээн салбар зөвлөлийн дарга Т.Золзаяа ярьж байна.
Т.Одончимэг 
Связанные новости