Цагдаагийн газар 2017 оны ажлаа иргэдэд тайлагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-01-19 21:09:39
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газраас Цагдаагийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1.6, 15.2 дахь хэсэг, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайдын 2017 оны А/133 дугаар тушаалаар баталсан "Иргэний зөвлөлийн дүрэм"-ийн 8.1.7-д "Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага нь тухайн жилийн үйл ажиллагааны тайланг иргэний зөвлөл, оршин суугчдад тайлагнах" заалтыг хэрэгжүүлэх зорилгоор 2017 оны үйл ажиллагааны тайланг иргэдэд танилцууллаа.

Тайлангийн хурлын арга хэмжээнд аймгийн засаг даргын орлогч Т.Мөнхболд, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга О.Одхүү, Иргэний зөвлөлийн дарга Ш.Дашням болон хууль хяналтын байгууллагуудын удирдлагууд болон 200 орчим иргэн урилгаар оролцсон юм.

Хурлын үеэр Цагдаагийн байгууллага иргэдэд нээлттэй үйлчилж, улмаар дөрвөн гомдол мэдээллийг хүлээн авч, зургаан санал, иргэдийн 24 асуултад газар дээр нь шуурхай хариулт өгч байлаа. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлтгэсэн зургаан төрлийн 1500 ширхэг санамж сэрэмжлүүлгийг тарааж, Улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй “Хуулиа мөрдье-21”, “Сэрэмжлье-нэгдье” нэгдсэн арга хэмжээнүүдийг сурталчиллаа. Мөн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд цагдаагийн байгууллагатай тогтмол хамтран ажилладаг, Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газар, хэвлэл мэдээллийн байгууллагын дөрөн ажилтан  болон Баруун-Урт сумын гурван иргэнийг Цагдаагийн газрын “Талархал” үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулав.

Мөн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид хэрхэн хамтран ажиллах болон анхаарах асуудлын талаар 200 иргэнээс “Санал асуулга”-ын хуудсаар санал хүсэлтийг нь авч ажлын төлөвлөгөөндөө тусгахаар болжээ.
Т.Одончимэг
Связанные новости