"Эерэг хандлага, хөгжил" сэдэвт сургалтыг ахлах ангийнхны дунд зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Н.Лхагвадорж "Эерэг хандлага-Хөгжил" уулзалтыг Өмнөговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдын дунд явууллаа.
"Эерэг хандлага-Хөгжил" уулзалтын үеэр лектор Н.Лхагвадорж Монгол Улс дахь их дээд сургууль, түүнд элсэн суралцаж буй оюутнуудын хөгжил, амжилтын талаар хүүхдүүдтэй чөлөөтэй ярилцлаа.
Аймгийн хэмжээнд ЭЕШ-ийн тандах шалгалт, "Сайн багш" багш солилцоо, мэргэжил сонголтын төрөл бүрийн сургалт, "Багш хөгжил", "Оюуны хурд", "Англи хэлтэй-Өмнөговь", "Хүүхэд хөгжлийн түлхүүр" зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэн багш-сурагч-эцэг эх-нутгийн удирдлагын байгууллагын хамтын үйл ажиллагааг сайжруулсны үр дүн гарч байгаа гэж аймгийн удирдлагууд үзэж байна. Тодруулбал 2017 оны ЭЕШ-ийн нийт дүнгээр тус аймаг улсдаа дөрөвдүгээр байрт шалгарсан амжилтыг үзүүлсэн гэдгийг аймгийн Засаг даргын орлогч Х.Батболд онцолсон юм.
2017-2018 оны хичээлийн жилд тус аймгийн ЕБС-ийн 12 дугаар ангид 957 сурагч суралцаж байгаа юм.
Д.Мишигсүрэн