У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар 100 хоногоо тайлагнана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-01-29 10:23:40
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар өнөөдөр 100 хоногийн ажлын тайлангаа сэтгүүлчдэд танилцуулах гэж байна. 

2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ-аас Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг томилж, түүний тэргүүлсэн "мэргэжлийн" Засгийн газар бүрдэж байсан. Гэвч 1 жил 1 сар гаруйн дараа УИХ-ын Ээлжит бус чуулганы хуралдаанаар "мэргэжлийн" Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээ нь огцруулсан.

Үүний дараа буюу өнгөрөгч оны 10 дугаар сарын 4-нд Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар Ухнаагийн Хүрэлсүхийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар томилж байв. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар 2017 оны 10 дугаар сарын 19-нд бүрдэж, 13 яам, 16 сайдтайгаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн билээ. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар:

1. Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд - Өлзийсайханы Энхтүвшин
2. Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга - Гомбожавын Занданшатар
3. Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд - Намсрайн Цэрэнбат
4. Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд - Нямаагийн Энхболд
5. Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд - Дамдины Цогтбаатар
6. Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын - Чимэдийн Хүрэлбаатар
7. Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд - Содномын Чинзориг
8. Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд - Цэндийн Нямдорж
9. Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд - Хавдисламын Баделхан
10.Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд - Цэдэнбалын Цогзолмаа
11. Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд - Жадамбын Бат-Эрдэнэ
12.Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд - Долгорсүрэнгийн Сумъяабазар
13.Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд - Батжаргалын Батзориг
14.Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд - Цэрэнпилийн Даваасүрэн
15.Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд - Даваажанцангийн Сарангэрэл гэсэн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. 

У.Хүрэлсүхийн тэргүүлсэн өнөөгийн Засгийн газар үйл ажиллагаагаа эхлээд 100 хоногтойгоо золгож байна. Энэ хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажил, гаргасан шийдвэр, үйл ажиллагааныхаа талаар өнөөдөр "Төрийн ордон"-д сэтгүүлчдэд танилцуулахаар болжээ. 

 
Н.Гантуяа 
 

 
Связанные новости