Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг Хаврын чуулганаар хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-02-07 18:57:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байсан ч Хаврын чуулган хүртэл хойшлуулахаар боллоо. 

Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Манай намын бүлгийн гишүүд нийслэлийн удирдлагуудтай уулзаж, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар санал солилцож, зарчмын байр сууриа илэрхийлсэн. Хуулийн төсөлтэй холбогдуулж Ажлын хэсгийн гишүүдээс зарчмын зөрүүтэй олон саналын томьёолол гаргаж байгаа, нухацтай харж шийдэх зайлшгүй асуудлууд ч байна. Иймээс цаг хугацаанд шахагдахгүйгээр асуудалд ул суурьтай хандаж, олон талаас нь ярилцаж зөв шийдэлтэй, сайн хууль гаргах шаардлагатай байна” гээд Ажлын хэсгийн дараагийн хуралдааныг өргөтгөсөн хэлбэрээр хийж, зарчмын зөрүүтэй саналуудаа ярилцаж нэгдсэн ойлголт, нэгдмэл байр суурьт хүрэх хэрэгтэй байна гэсэн үндэслэлээр хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргасан юм.

Гишүүний горимын саналтай холбогдуулан УИХ-ын гишүүн, уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байнгын хорооны Ажлын хэсгийн ахлагч Д.Хаянхярваа гишүүдэд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр хэлэхдээ, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан Ажлын хэсгээс нийслэлийн удирдлагууд, иргэдийн Хурлын Төлөөлөгчид, холбогдох бусад байгууллагын төлөөллүүдийг оролцуулсан уулзалт, ярилцлагыг хэд хэдэн удаа зохион байгуулсан. Мөн намын бүлгүүд, гишүүдээс саналыг нь авч судалж нэгтгэн төсөлд тусгахад анхаарч ажиллалаа. Тухайлбал, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс төсөлтэй холбогдсон 8 санал ирүүлснийг төсөлд тусгаад байгаа. Түүнчлэн нийслэлээс сонгогдсон гишүүдийн саналыг авч тусгах ажлыг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил хариуцан ажиллаж байна. Ажлын хэсэг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зарчмын гол асуудлууд дээр үндсэндээ тохиролцсон. Гэхдээ хуулийн төсөлд нухацтай хандах шаардлага байгаа. Иймээс чуулганы завсарлагааны хугацаанд хуулийн төсөл дээр үргэлжлүүлэн ажиллаж, Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дахин сайн ярилцаад хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хаврын чуулганы эхэнд хэлэлцүүлэх боломжтой гэж үзэж буйгаа хэллээ.

Иймээс гишүүдээс гаргасан саналын дагуу Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулахаар тогтов. Харин уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллах хүсэлтээ ирүүлсэн УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар нарыг Байнгын хорооны Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нэмж оруулахаар болж, энэ талаарх тогтоолын төслийг баталлаа.

Байнгын хорооны даргын зүгээс нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг болон дэд хэсгийг идэвхтэй ажиллаж, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхийг үүрэг болгосон юм. 
Н.Туяа
Связанные новости