“Дюссельдорф Их дуулга-2018” тэмцээнээс 4 дэх хүрэл медалийг Г.Алтанбагана хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-02-26 10:09:18
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Германы Дюссельдорф хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон жүдо бөхийн Их дуулга тэмцээний сүүлийн өдөр 90 кг-д Г.Алтанбагана хүрэл медаль хүртжээ.

Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Таджикстаны тамирчин И.Комроншохыг базари, юко үнэлгээгээр ялсан байна. Энэхүү 100 мянган ам.долларын шагналын сантай “Дюссельдорф Их дуулга-2018” тэмцээнд 71 орны 500 гаруй жүдоч хүч үзсэн юм.

Манай улсаас нийт 19 бөх хүч, ур чадвараа сорьсон бөгөөд эмэгтэй жүдочдоос 57 кг-д Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Ганхайч, эрэгтэйчүүдээс 66 кг-д Б.Эрхэмбаяр, 90 кг-д Г.Алтанбагана нар тус тус хүрэл медалийн эзэд боллоо.

Ийнхүү манай залуу жүдочид “Дюссельдорф Гранд слам-2018” тэмцээнээс 4 хүрэл медаль хүртэж, шагналт V байрт 4 тамирчин, шагналт VII байрт хоёр жүдоч шалгарсан амжилтаар 71 орноос 16 дугаар байр эзэлсэн байна.

Д.Өлзий
Связанные новости