Спортын арбитрын байгууллагатай, спорт холбоод хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-03-02 14:30:14
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Олон улсын ба үндэсний спортын арбитрын байгууллага, Спортын холбоодтой хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг зурах үйл ажиллагаа МУИС-ийн шинэ номын санд болов.

Монголын Олон улсын ба үндэсний спортын арбитр нь 2017 оны хоёрдугаар сард үүсгэн байгуулагдсан. Уг байгууллага нь хэрэг хянан шийдвэрлэхээс гадна залуу үеийг олимпийн хөдөлгөөнд уриалах, биеийн тамир спортыг хөгжүүлэх Олон улсын олимпийн хороо, Олон улсын спортын арбитрын шүүх, БТСГ, МҮОХ болон спортын холбоодтой хамтран ажиллаж байна.



Энэ хүрээнд өнөөдөр 30 гаруй спортын холбоодтой хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Тухайлбал, МҮБХ, МАМСХ, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, МБадмин.Х, МБФХ, МБСХ, Боулингийн холбоо, Бильярдын холбоо, Гандболын холбоо, Гольфын холбоо, МЖБХ, МЖЖХ, МШТХ, МОТХ, МТСХ, МТХ, МЦХ, МХАХ, МДХ, МХӨХ, МТТХ, МСБХ, МКБХ, МКХ, МУСХ зэрэг спорт холбоод нэгджээ.

Спортын арбитр нь олон улсын уралдаан тэмцээн, үндэсний хэмжээнд болж буй төрөл бүрийн спортын наадам, спартакиад болон спортын арга хэмжээний үеэр тамирчдын хооронд, шүүгч-тамирчдын хооронд, спортын хороо- холбоо, спортын хороо–тамирчдын хороонд, холбоо-клуб-тамирчдын хооронд, тамирчин худалдан авах, легонер тамирчин гэх мэт олон асуудлаар үүссэн санал зөрөлдөөн, үл ойлголцол, болон гэрээ хэлцлийн маргаан, мэтгэлцээнийг хараат бусаар, алагчлалгүй хэлэлцэн үнэн зөв шийдвэрлэх, хөндлөнгийн, талуудын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг эрх тэгш хамгаалах зорилготой юм.



Спорттой холбоотой бүх санал зөрөлдөөн, маргааныг Монголын Спортын арбитрын дүрмээр шийдвэрлэнэ. Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын үндсэн зарчим нь спортын байгууллагыг өмчийн хэлбэрээр нь, мэргэжлийн, мэргэжлийн бус ангиллаар, тамирчныг улсын харъяалал, харъяат бус гэдгээр нь, арьс өнгө, шашин шүтлэг, нас, хүйс, мэргэжил боловсрол, багийн харъяалал, спортын цол, зэрэг, хөрөнгө чинээг үл харгалзах, ялгаварлан гадуурхахгүй явдал мөн.



Спортын арбитрын хэрэг хянан шийдвэрлэх дүрмийн дагуу 21-ээс доошгүй арбитрч байхаар тусгаж, тэднийг спортын холбоод болон тамирчид, хуульчдаас бүрдүүлнэ. Одоогийн байдлаар 23 арбитрчтай болсноос 2 нь гадаад буюу БНХАУ, Украин улсын иргэд байгаа аж.

Өнөөдөр тус байгууллага нь ОУОХ, ОУСАЗ, олон улсын спортын арбитрын шүүхүүдтэй харилцаж байгаа төдийгүй Япон, Сингапур, ОХУ, БНХАУ-ын спортын арбитрын байгууллагатай хамтын ажиллагаа эхлүүлжээ. Спортын арбитрчаар сонгогдсон хүн өндөр ёс зүйтэй, үүргээ хариуцлагатай гүйцэтгэгч байх бөгөөд хөндлөнгөөс хэн нөлөөлөх эрхгүй, бие даасан, хараат бус зарчмыг тууштай баримтлах ёстой.

Цаашид ОУСА-ын шүүхтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулах, Азийн болон хөгжингүй орны нэр хүндтэй арбитрчдыг сонгох, арбитрчдыг давтан сургах, 21 аймагт салбар арбитр байгуулах зорилготой.

Д.Өлзий
Связанные новости