М.Ганбаатар: Залуу халуун насаа, амь амьдралаа би ардчилалд зориулсан
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСМонгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газрын Баруун бүс хариуцсан төлөөлөгч, Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагч Мягмаржавын Ганбаатартай ярилцлаа.
-Ардчилсан засаглал тогтоод 1000 өдөр өнгөрсний баярыг аймгийн хэмжээнд бүх сумдад тэмдэглэж байна. Тэгэхээр танай намын мөрийн хөтөлбөр хэдэн хувийн биелэлттэй явж байна вэ?
-Шударга хэлэхэд аймгийн АН-ын 2008, 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсруулах голлох байр суурин дээр сууж байсан хүмүүсийн нэг нь би байгаа юм. Өнөөдөр 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг эргээд харахад 85-90 хувьтай биелээд байна. Бүтээн байгуулалтын ажлууд гол байсан. Мөн шударга ардчилсан засаглал, зарчмыг тогтоох явдал байсан. Одоо цагт хүмүүсийн дур зоргоороо байдал буюу хэт ардчилал үүсчихээд байна. Дэлхий дээр төрөө зүхэж байгаа ард түмэн байхгүй. Гэтэл монголчууд төрөө зүхэж байна. “Хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна” гэж Жасрай гуайн хэлсэн алдарт үг бий. Шуудай гурилыг үхрээр сольж байсан үе бий шүү дээ. Ер нь бол 20-иодхон жилийн өмнө бидний идэж ууж байсан хоол хүнс, хувцас хунарыг одооны хүүхдүүд мэдэхгүй л дээ. Тухайн үед амьдарч байсан хүмүүс нь болохоор мартчихаж. Улаангом ямар байлаа, бүгд мартсан. Ийм л байсан юм шиг санадаг. Улаангомыг хөгжүүлснээр өрнө, дорнын бүх соёл, технологи орж ирлээ. Бид одоо хөгжлийн гараан дээр байна.
Улаангомыг гоё болгочих юмсан гэж мөрөөдөж явсан маань биелсэн. Одоо үүнээс цааш залуучууд авч явах ёстой. Увсчууд бид гутлаа оёдог, боов боорцог, бялуугаа хийчихдэг, жимсээ тарьчихдаг, дарс үйлдвэрлэдэг гэх мэтээр бүгдийг хийж сурч байна. Олон хүмүүс жижиг дунд үйлдвэрлэлийн зээл авсан. Үүний үр дүн удахгүй гарах байх.
-Удахгүй сонгууль болох нь. Та нэр дэвших үү?
-Би 23 жил ардчиллын төлөө зүтгэж, залуу насаа, амь амьдралаа ардчилалд зориулсан. Миний хамгийн үнэтэй алтан цаг, ид золбоотой залуу нас маань ийшээ орсон болохоор би ардчиллыг хайрлахаас өөр аргагүй. Одоо залуучуудын үе ирсэн тул зай тавьж өгнө. Гэхдээ арын морьдын тоос харагдахгүй бол явж л таарна.
-Та Монгол Улсын Газрын тосны газрын Баруун бүс хариуцсан төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Тэгэхээр Увс аймагт явагдаж байгаа газрын тосны хайгуулын ажил ямар шатанд явж байна вэ?
-Одоогоор Монгол Улсад маш хурдтай хэрэгжиж байгаа гэрээ бол “Увс-1” газрын тосны хайгуулын ажил юм. Энэ талбай дээр хайгуул хийх тендерийг олон улсын хэмжээнд зарласан. Үүнд Америк, Гонконг, Австрали, Бээжингийн хамтарсан компани ялж, ажил нь эхлэхгүй 5 жил хүлээгдэж байсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвшөөрөхгүй байж байгаад энэ жил зөвшөөрсөн. Энэ ажил одоо маш хурдтай явагдаж байна. Хүмүүст хамгийн гол нь үүний ач холбогдлыг зөв таниулах ёстой. Манай аймгийн Засаг дарга сайн ажиллаж, орон нутагт хийх ажлын үүрэг чиглэлийг маш тодорхой зааж өгсөн. Ингэснээр майхантай ирээд хайгуул хийдэг хятадуудыг кемп бариулж, тохиолог дулаан орчинд монгол 41, хятадын 73 ажилчин ажиллаж байна. Аймгийн 90 жилийн ой болсон тул ажил оройтож, 9 сар гаргаж байж эхэлсэн. Одоогоор хоёр өрөм тавиад байна. Нэг өрөм нь 950 м өрөмдөөд зогссон. Нөгөө нь 1620 м-т явж байна.
Миний ажлын гол чиг үүрэг бол энэ компанийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлж, хангуулах зорилготой. Малчин сумынхан маань энд ажиллаад өндөр цалин авч байна, мал махаа зарж байна. Энэ жил таван өрөм тавих ёстой байснаас хоёрыг л тавьсан. Эхний 4 жилд 54 өрөм тавих ёстой. Энэ сарын сүүлээр ажил зогсоод хавар эхэлнэ. Ирэх жил Наранбулагт хайгуул хийх юм бол тэндээс ажилчин авна. Газрын тос гарч ирээд зөв залаад явах юм бол манай аймаг урд хөршийн Карамая хотоос дутахааргүй сайхан хот болно. Нефтийн үйлдвэр баригдаасай, газрын тос илрээсэй гэж бодож байна. Тэгвэл Увс аймаг маань хөгжиж, ард түмэн маань баян чинээлэг амьдрах юм. Жижиг дунд үйлдвэрлэл жинхэнэ утгаараа хөгжиж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болно. Энэ компанийн ажилчдын хоолыг нэг хэсэг нь нийлүүлж, нөгөө хэсэг хувцсыг нь оёх гэх мэтээр маш олон төрлийн үйлчилгээг орон нутгаас нийлүүлэх боломжтой. Харин дараа дараагийн сонгуулиар гарч ирэх Засгийн газар, аймаг орон нутгийн удирдлагууд тогтсон үйл ажиллагааг нь битгий самраад хаячихаасай билээ гэж айж байна.
-Та аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан хүн. Тухайн үед ажлаа өгөхөөс өөр гарц олдоогүй юм уу?
-Би архи амсахаа болиод хоёр жил болж байна. Тэр өдөр Улаанбаатар хотоос ирсэн хүмүүстэй архи уусан тухай мэдээлэл аймгийн Засаг даргад очсон байсан. Засаг дарга намайг шийтгэнэ гэхээр нь би шууд халагдах өргөдлөө өгсөн. Миний ажлын байр бол аймгийн ИТХ-аар орж шийдэгддэг улс төрийн албан тушаал. Гэсэн хэдий ч надад өөрийн гэсэн зарчим бий. Би аймгийн Засаг даргын орлогч болж хүрээгүй албан тушаалдаа хүрсэн юм биш. Ардчиллын төлөө 23 жил гурвалсан морь шиг давхисан Д.Цэндсүрэн найзыгаа тэгж хөөдмөөргүй байсан.
Хүний хамгийн үнэтэй зүйл бол нэр төр. Нэр хугарахаар яс хугар гэдэг. Би хоол идэж, хувцас өмсөх гэж амьдраагүй. Тэгж амьдардаг хүмүүс байдаг. Үлдэж буй үр хүүхдүүддээ болон өнгөрсөн өвөг дээдсүүддээ энэ цаг хугацааг зөв өнгөрүүлснээ би харуулах ёстой. Энэ нэг хөгийн амьтны охинтой хүүгээ суулгахгүй гэвэл би яах юм. Би эцэг байж чадаагүй, утга учиргүй л амьдарсан болно шүү дээ.
-Аймгийн ИТХ удахгүй хуралдах нь ээ. Та гол тоглолт хийдэг хүмүүсийн нэг. Тэгэхээр энэ удаагийн хурал хэр ширүүхэн болох бол?
-Гол тоглолт хийдэг хүн гэж чи бас л зөв хэллээ. Хүн мэдэж байгаа юмныхаа хэмжээнд л ярина шүү дээ. Мэдэхгүй байж мунгинаад, эсвэл албаар мушгиж гуйвуулдаг, улстөржүүлдэг хүн байдаг. Гэхдээ энэ чинь мэдээллийн эрин зуун шүү дээ. Өөрөө мэдээллээ олж авах ёстой. Тийм хүмүүстэй би хатуу харьцдаг учраас тэгж харагддаг байх. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон бол энэ аймгийн төлөө хийх ёстой ажлаа л хийх ёстой. Үүнд санаа зовж явахгүй бол аймгийн хурлын төлөөлөгч болсны хэрэг юу байгаа юм? Тэр асуудлыг тэгж шийдье гээд түүнийхээ төлөө явахгүй юм бол яах гэж ард олны итгэлийг хүлээж гарч ирсэн юм.
-Тендер авах, ажилд орох, дарга болох сонирхолтой хүмүүс аймгийн ИТХ-ын төлөөлөгч болдог гэсэн ойлголт нийгэмд байна л даа?
-Тийм хүмүүсийг би нэг нүдээрээ ч харахгүй. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдох хүртэл тэр хүн чинь өчнөөн шалгуурыг давна шүү дээ. Тийм хүмүүс нам дотроосоо гарч ирж чадахгүй. Мэр сэр булталзаж байдаг л юм. Гэхдээ бид нар тийм зүйлийг үгүй болгох гэж л гарч ирсэн шүү дээ. Өнөөдөр та нар хар. Ерэн жилийн туршид Улаангомд 100 гаруйхан айлын орон сууц байсан. Гэтэл бид гарч ирээд 2,5 жилийн дотор 700 айлын орон сууц барьсан. Газар доорх бүх инженерийн шугам сүлжээг нь шийдсэн.
-Таны хобби юу бэ?
-Байгалийн сайханд аялах дуртай. Эхнэр зуны амралтаа авангуут Хархираа уул руу хамтдаа аялаад явчихдаг. Хархираа уулын зураг, тэндхийн байгалийн сайхныг харуулсан зураг надад өчнөөн бий. Зургийн аппарат зүүгээд явахаар энэ одоо улс төрч байж аппарат зүүгээд гээд муу хэлдэг хүмүүс байсан. Бас бардам, сагсуу, онгироо гээд олон нэр хоч өгдөг. Гэвч би энэ бүхнийг тоодоггүй. Би өөрийнхөөрөө байж, өөрийнхөөрөө амьдармаар байна шүү дээ.
-Ардчиллыг юу гэж ойлгодог вэ?
-Асар том боломж гэж ойлгодог. Тогоо дүүрэн тэр их боломжоос хүн өөрийнхөө олж авсан мэдлэг чадвар, дадлага туршлагын хэмжээгээр л хүртэх ёстой. Шанагаар нь авна уу, халбагаар нь авна уу гэдэг нь тэр хүнээс л шалтгаална. Гэтэл хүний аягалсан, хүний авчихсан боломж руу өнгийж, өөрийнхөө боломжийг чамладаг хүмүүс байдаг. Өөрийгөө дайчлаад сайхан амьдрах, оюун санааны болон материаллаг баялагыг бий болгож хүртэх боломжийг ардчилал тэгш олгосон. Тиймээс олдсон тэр боломжоо бид эрхзүйн хүрээнд баталгаажуулж, зөв залах учиртай.
-Танд баярлалаа.
Увс аймаг Б.Батхүү