Түрээсийн орон сууц хөтөлбөрийг үргэлжлүүлэх ажлыг шат дараатай хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2018-03-16 13:50:59
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, сайдын зөвлөх Л.Ганбаатар нар Төрийн орон сууцны корпорацийн хэрэгжүүлж буй “Төрийн түрээсийн орон сууц хөтөлбөрт “Буянт-Ухаа 2″хороололд хамрагдсан иргэдтэй уулзаж, санал бодлыг сонсов. 

“Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал Ж.Хичээнгүй танилцуулахдаа улсын хэмжээнд нийт 1512 айл өрх энэхүү хөтөлбөрт хамрагдсаныг дурьджээ. Х.Баделхан сайд баригдаж дуусаагүй байгаа “Буянт-Ухаа 2” хорооллын дуусаагүй 972 айлын 18 барилга угсралтын ажлын явцтай таницсан юм. 2014 онд барилга угсралтын ажил эхэлсэн боловч 2016 оны тавдугаар сард санхүүжилтгүйн улмаас зогссон. Уг барилга ашиглалтад орсноор 972 айл өрх түрээсийн орон сууцанд хамрагдах нөхцөл бүрдэх ба БХБЯ-ны зүгээс барилгын ажлыг цааш үргэлжлүүлж дуусгахыг бүх талаар дэмжихээ илэрхийлсэн юм.

Барилга, хот байгуулалтын сайдын зүгээс түрээсийн орон сууц хөтөлбөрийг тасралтгүй үргэлжлүүлэх талаархи холбогдох хөрөнгийн эх үүсвэр, судалгааны ажлуудыг шат дараатай авч хэрэгжүүлж, удахгүй үр дүнг эргэж танилцуулах болно гэдгээ хэллээ.
Н.Туяа
Связанные новости