600 хоногийнхоо ажлын тайланг тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-03-19 11:38:49

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт энэ оныг бүтээн байгуулалтын жил болгон зарласантай холбогдуулан 3 дугаар сарын 18-ны өдөр  "Бид хамтдаа-600" буюу ажилласан 600 хоногийнхоо тайланг тавьж, аймгийн удирдлагууд иргэдтэйгээ нээлттэй уулзалт зохион байгуулав.  Энэ үеэр аймгийн Засаг дарга Н.Наранбаатар 2016 оны 7 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа олон нийтэд тайлагналаа. 

Иргэд олон нийтийн санал санаачилгад тулгуурласан "Бид хамтдаа" аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж, хөтөлбөрийнхөө төлөвлөгөөг одоогийн байдлаар 51 хувьтай биелүүлээд байна. Иргэдийн эрүүл мэнд, боловсрол, ажлын байрыг нэмэгдүүлж, аймаг орон нутагтаа бүтээн байгуулалт хийж амьдрах орчин нөхцөлөө сайжруулж байгаад иргэд талархалтай байгаагаа энэ үеэр илэрхийлээд авсан. 

"Бид хамтдаа-600" аймгийн удирдлагуудын ажлын тайлан уулзалтын үеэр Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг компаниудаас орон нутгийн иргэдийг хамгийн олон ажлын байраар хангасан Монголын алт, Шанх транс, Уужим-Од ХХК-ийг 2017 оны "Шилдэг ажил олгогч"-оор өргөмжлөв.
Уулзалтын төгсгөлд аймгийн Засаг дарга Н.Наранбаатар бүтээн байгуулалтад иргэн бүрийн оролцоо чухал тиймээс хүн бүр, иргэн бүр хамтдаа бүтээн байгуулж, цэцэглэн хөгжихийг уриаллаа.
Энэ онд тус аймагт 103,8 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөөд байгаа ажээ. 

Д.Мишигсүрэн


Связанные новости