Хөрөнгийн зах зээл богино хугацаанд ашиг хийдэг талбар биш

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-03-21 16:29:20
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Санхүүгийн салбарын 95 хувийг банкны салбар бүрдүүлдэг. Тэгвэл эл салбарын нэг багана болох Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх шаардлага байгааг дээрх тооноос харж болно.  Хөрөнгийн зах зээл нь шинэ санаа, төсөлтэй хүмүүсийг хөрөнгө оруулагчтай холбодог гол гүүр нь. Тиймээс хөрөнгийн зах зээл хүчтэй байвал улс орны эдийн засагт томоохон цус сэлбэх юм. Энэ үүднээс Эдийн засгийн "ӨӨРЧЛӨГЧ"  клубын сэтгүүлчид хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүдтэй уулзах хүсэлт тавьж мэдээлэл солилцсон юм.
 
ЗАСГИЙН ГАЗРЫН БОНДЫГ ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР ИРЭХ САРД АРИЛЖИНА



Уулзалтын эхэнд Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай ярихдаа, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн хувьд  2017 он амжилт бүтээлээр арвин жил болж өнгөрлөө. Өнгөрөгч онд бирж 26 жилийн түүхэнд анх удаа 859.2 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн нь өмнөх 2015 оны дээд үзүүлэлтээс 57.2 хувийн өсөлт үзүүлсэн.

Мөн ТОП 20 индекс 68.9 хувиар өсч, дэлхийн индексүүдийг өсөлтөөрөө тэргүүлсэн бол зах зээлийн үнэлгээ он гарснаас хойш 67.4 хувиар өсч 2.4 их наяд төгрөгт хүрсэн нь сүүлийн таван жилийн  хамгийн дээд үзүүлэлт болов.

Хөрөнгийн зах зээлд оролцогсод жилээс жилд нэмэгдэж шинэ бүтээгдэхүүн, IPO гарган хөрөнгө босгож байна. Тухайлбал өнгөрөгч онд технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг АйТүүлс компани хувьцаа гарган гурав дахин илүү захиалга авсан. Мөн он гарсаар Лэнд МН компани олон нийтэд хувьцаагаа санал болгож, 12 дахин илүү захиалга авлаа. Энэ мэт  компаниуд хөрөнгийн зах зээлд гарах сонирхол нь нэмэгдсээр байна.  Улмаар идэвх сэргэж байгаа учраас ирэх 4 дүгээр сараас Засгийн газрын бондыг Монголын Хөрөнгийн биржээр арилжаалах болсныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн. Хөрөнгийн биржийн  өнгөрсөн жилийн арилжааны дүнд  ЗГҮЦ нэлээн жин дарсан. Тэгвэл энэ онд Засгийн газрын бондыг  хөрөнгийн зах зээлээр дамжуулан арилжаалах нь биднийг дэмжих гол хөшүүрэг болно гэж харж байна” хэмээв.
 
ГАДНЫ 40 ГАРУЙ КОМПАНИ МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛД АРИЛЖАА ХИЙХ НӨХЦӨЛ БҮРДЭНЭ

Хөрөнгийн зах зээлийн  санхүүжилт босгох боломж нь 5-30 тэрбум төгрөгт хэлбэлздэг гэдэг. Сүүлийн 27 жилийн хугацаанд манай улс 20-иод IPO хийжээ. Тэгвэл энэ тоо  2018 онд нэмэгдэнэ гэсэн хүлээлт байна. Тодруулбал давхар бүртгэлтэй анхны компани удахгүй биржид гарахаар зэхэж буй.  Ийнхүү гадны биржид бүртгэлтэй компаниуд Монголын Хөрөнгийн биржид хувьцаагаа давхар арилжих нөхцөл бүрдсэнээр  ашиг хүртэх хаалга нээгдэнэ гэсэн үг. Энэ нь  хөрөнгө оруулагчдыг татах хөшүүрэг төдийгүй томоохон хувьсгал  болно гэдгийг экспертүүд хэлж байна. Одоогоор Торонтод бүртгэлтэй компани хувьцаагаа Монголын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх хүсэлтээ илэрхийлжээ. Монголын хөрөнгийн бирж хуульд заасан 15 хоногийн хугацаанд давхар бүртгэл хийж, дээрх компанийг Монголын хөрөнгийн биржээр төгрөгөөр хувьцаа арилжих боломжийг олгох юм байна. Давхар бүртгэл хийх нөхцөл бүрдсэнээр гадны хөрөнгийн биржид бүртгэлтэй Монголд үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалтай 40 гаруй компани Монголын хөрөнгийн биржид хувьцаа арилжих боломжтой. 



Түүнчлэн ирэх жилүүдэд FTSE-ийн “Хөгжиж буй зах зээл” зэрэглэлд багтах амбицыг Монгол Улс  тээж  буй аж.  2012 онд  “Ажиглалтын жагсаалт”-д манай улс багтсан  хэдий ч  төлбөр тооцооны системээ цэгцэлж чадаагүйгээс хасагджээ. “Хөгжиж буй зах зээл” зэрэглэлд багтахын тулд Хөрөнгийн бирж, СЗХ, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв хэмээх байгууллагууд нэг  цул болж үйл ажиллагаагаа уялдуулах шаардлагатай байгааг салбарынхан тодотгов. Цул байснаар төлбөр тооцооны системээ хөрөнгө оруулагчдад тодорхой болгож зэрэглэлээ ахиулах нөхцөл бүрдэх гэнэ.
 
ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ТАТВАРЫН БОДЛОГООР ДЭМЖИХ ШААРДЛАГАТАЙ

Санхүүгийн салбарын нэг цөм хэсэг болох Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд татварын бодлогоор дэмжих шаардлагатай гэдгийг Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр онцолж байна. Татварын багц хуулийн шинэчлэлийн төсөлтэй холбоотой хөрөнгийн зах зээлийнхэн хэд, хэдэн санал оруулахаар  Сангийн яаманд хүргүүлжээ. Тодруулбал хөрөнгө оруулалтын сан байгуулахад татвараас чөлөөлж байсныг хэвээр үлдээх, Хөрөнгийн биржийн арилжаанд оролцдог компаниудын ногдол ашиг, ханшийн зөрүүг татвараас чөлөөлөх, компанийн бондын хүүгийн орлогыг татвараас чөлөөлөх  хүсэлтийг тавьсан аж. Нээлттэй хувьцаа арилжаалж буй компаниудыг аль болох татвараас чөлөөлж, хөнгөлөлт урамшуулал олгох нь хөрөнгийн зах зээлийг урагшлуулна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв.
 
 ТЭТГЭВРИЙН САНГИЙН МӨНГИЙГ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД  ОРУУЛАХ НЬ ЧУХАЛ 
 


Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг: “Дэлхийн тэргүүний туршлагыг хөрөнгийн зах зээлд гаргахын тулд  Хөрөнгийн бирж, СЗХ  гээд  салбарынхан хүчээ  нэгтгэж дайчлах ёстой. Гадныхны хөгжлийн үе шатыг дамжихгүйгээр, тэр хүмүүсийн 100 жилд гаргасан алдааг давтахгүйн төлөө бид ажиллах ёстой. Шинэ технологийг  оруулж ирж, гар утаснаасаа  шууд арилжаанд, оролцоод явах бүрэн боломжтой. Нөгөө талаар бид  хөрөнгө оруулагчдын соёлын талаар тодорхой ажлыг явуулах хэрэгтэй. Яагаад вэ гэхээр сүүлийн үед манай хөрөнгө оруулагчид хөрөнгийн зах зээлийг маш богино хугацаанд ашиг хийгээд гардаг гэсэн ойлголттой болсон. Бидний  хүсээд байгаа шиг урт хугацааны хөгжлийн үр дүнг гаргахгүй байна. Компанид хөрөнгө оруулалт хийнэ гэдэг тоглоом биш. Компанийг авч явах гэж байгаа  удирдлагууд урт хугацааны хөрөнгө оруулалт хийх замаар ашигт анхаарахгүй бол нэг, хоёр хоногийн дотор мөнгөө нугалах ойлголт хөрөнгийн зах зээлийн хөгжилд сайн үр дүн авчрахгүй. Хүмүүсийн ашиг сонирхлыг буруутгах аргагүй. Гэхдээ үүн дээр бид зээлийн бодлогоо явуулж, хандлагыг нь өөрчлөх  шаардлагатай нүүр тулж байна. Нөгөө талаас төр засаг даатгалын компани, банк, тэтгэврийн сангийн мөнгийг Хөрөнгийн зах зээлд  оруулж ирэх хөшүүргийг бий болгох ёстой". 

2011 онд уул уурхайн өсөлтийг даган Хөрөнгийн биржийн арилжаа  нэмэгдсэн ч 2016 онд хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтүүд саарч эмзэг түвшинд хүрч өсөлтийг тогтвортой хадгалахад хүндрэл учирсан. Үүнийг мэргэжилтнүүд улс төрийн тогтворгүй байдал, хууль дүрмийн өөрчлөлт, эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнийн бууралтаас үүдэлтэй хөрөнгийн зах зээл хэврэгшсэн хэмээн тайлбарлав.  Тэгэхээр 2018 онд түүх давталгүй шийдвэрийг бодитоор илүү мэргэжлийн түвшинд нухацтай гаргах шаардлагатай нүүр тулж байгааг тэд хэллээ.
 
  Б.Заяа
 Гэрэл зургийг Б.Чадраабал
Связанные новости