“Ирээдүйн мистер-2018” тэмцээн энэ сарын 31-нд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-03-22 11:18:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Монголын Бодибилдинг фитнессийн холбоотой хамтран “Ирээдүйн мистер-2018” Улаанбаатар хотын аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээнийг энэ сарын 31-ний өдөр Соёлын төв өргөөнд зохион байгуулна.

Энэ талаар хэвлэлийн бага хурал өчигдөр Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд боллоо. Хуралд НЗХГ-ын дарга С.Сүх-Очир, МБФХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Одбаатар, дэд ерөнхийлөгч Г.Мөнгөнбаяр, бодибилдинг фитнессийн олон улсын шүүгч Ч.Ганзориг  ирээдүйн мистер тэмцээнд оролцож амжилтын гараагаа эхэлсэн ОУХМ, Дэлхийн 3 удаагийн аварга, Ази тивийн хошой аварга Г.Угалзцэцэг, ОУХМ, АТАШТ-ий хошой хүрэл медальт, ДАШТ мөнгөн медальт тамирчин Г.Жамц, дэлхийн, тивийн АШТ-ий хүрэл медальт тамирчин М.Мөнх-Од  нар оролцов.

НЗХГ, МБФХ-той хамтран залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчинг бүрдүүлэх, биеийн тамир, спорт, түүний дотор бодибилдингийн спортоор хичээллэхийг дэмжих, амьдралын зөв хэвшилтэй болгох зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Тус санамж бичгийн хүрээнд хийж буй том ажлын нэг нь энэхүү тэмцээн юм.

Уг тэмцээнийг 2006 оноос Нийслэлийн Засаг даргын нэрэмжит тэмцээн болгож зохион байгуулж ирсэн түүхтэй. “Ирээдүйн мистер” тэмцээнд олон улс, тив, дэлхийн болон улсын аварга шалгаруулах тэмцээнээс шагнал авч байгаагүй залуу тамирчдыг оролцуулдаг онцлогтой. Тэмцээн 10 ангилалтай. Жин тус бүрийн эхний таван байрт шалгарсан тамирчид финалын шалгаруулалтад оролцох эрхээ авах бөгөөд жингийн аваргын төлөө өрсөлдөнө.

Д.Өлзий
Связанные новости