Манай хөлбөмбөгчид Маврикийн багтай хийсэн 2 дахь тоглолтдоо тэнцлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр /2018.03.29/ МХБХ-ны хөлбөмбөгийн талбайд Монгол, Маврикийн шигшээ багуудын хоёр дахь тоглолт болж, онооны харьцаа 1:1-ээр тэнцлээ.
FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны шигшээ багуудын нөхөрсөг тоглолтууд энэ өдрүүдэд дэлхийн хотуудад ээлжлэн болж байгаа юм. Улаанбаатар хот дахь Монгол, Маврикийн багийн энэ удаагийн тоглолтод 11 дэх минутад Б.Балжиннямын дамжуулалтаар О.Мөнх-Оргил мөргөж гоол оруулан хөгжөөн дэмжигчдээ баярлуулав. Зочин багийн ахлагч Лангуэ 54 дэх минутад торгуулийн талбайн гаднаас гоол оруулж, 1:1-ээр тэнцүүллээ.
Африк тив төдийгүй ДАШТ-д оролцдог хүчирхэг багуудтай нөхөрсөг тоглолт хийдэг туршлагатай, чадварлаг тоглогчдоос бүрдсэн Маврикийн залуус гурав хоногийн өмнө Монголын шигшээ багтай албан ёсны нөхөрсөг тоглолтыг хийж, 2:0-оор хожсон юм.
Багийн ахлагч Кевин Бру нь Английн “Ибсвич” клубт, Адель Ланге “Парис ФС” клубүүдэд харъяалагддаг бол Англи гаралтай довтлогч Гари Ноель, Бельгид төрсөн хамгаалагч Кильян Ярнард нар Маврикийн бүрэлдэхүүнд тоглодог.
Маврикийн шигшээ баг одоогоор ФИФА-гийн 158-д эрэмблэгдэж байгаа бол Монголын шигшээ баг 189-д бичигдэж байна. Монголын баг эхний тоглолтоо гуравдугаар сарын 22-ны өдөр Малайзын талбайд зочлон тус улсын шигшээ багтай тоглож, 2:2-оор тэнцсэн.
Харин гуравдугаар сарын 27-нд өөрийнхөө талбайд Африк тивийн төлөөлөл Маврикийн шигшээ багтай тоглож, 2:0-ээр хожигдсон бол өчигдөр болсон хоёр дахь тоглолтод ийнхүү 1:1-ээр тэнцэж ур чадвараа ахиулж байгаа баг гэдгээ харууллаа.
Д.Өлзий