"Дахин тэвчихгүй" жагсаал дэлхийн улс орнууд, нийслэл, аймгийн төвүүдэд нэгэн зэрэг боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2018-03-31 14:15:31
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, энэ төрлийн гэмт хэрэгт оноох ял шийтгэлийг чангатгахыг шаардсан "Дахин дэвчихгүй" эсэргүүцлийн тайван жагсаал дэлхийн зарим улс орон, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, 14 аймгийн төвд боллоо. 

Бага насны хүүхдийг хүчирхийлсэн жигшүүрт гэмт хэрэг сүүлийн үед хэд хэдэн удаа гарч, нийгмийг цочролд оруулаад байгаа билээ. Үүнтэй холбогдуулж эцэг эхчүүд, төрийн бус байгууллага, холбоодоос хүүхдийн эсрэг гэмт хэрэгт оноох ял шийтгэлийг чангатгах, хүчирхийллийг таслан зогсоохыг шаардаж, эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн. Энэхүү эсэргүүцэл өнөөдөр "Дахин тэвчихгүй" тайван жагсаалаар үргэлжилсэн юм. Тайван жагсаал нийслэл Улаанбаатарын хотын төв талбай болон 14 аймгийн төвд нэгэн зэрэг болж, Унгар, Швед, Франц, ОХУ, АНУ, Швейцарь, Голланд, БНСУ зэрэг улс оронд мөн монголчууд нэгдэж, эсэргүүцлээ илэрхийлэв. Жагсаалд эцэг, эхчүүд болон авто клубууд, урлаг соёл, спортын одод нэгдэж, байр сууриа илэрхийлж байсан юм. 



Жагсаалын үеэр мөн төр засагт хүргэх шаардлагад нэгдсэн иргэдийн гарын үсгийг Д.Сүхбаатарын талбайд цуглуулав. Мөн Хүүхдийн төлөө 108 тусгай дугаараар сэтгэгдлийг хүлээн авч байлаа. Уг шаардлагыг Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайдад хүргүүлэхээр зохион байгуулагчдын зүгээс төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Жагсаалыг зохион байгуулагчид "Жагсаалыг дэмжиж фэйсбүүк дэх группт 415 мянган гишүүн элсээд байна. Бид хүүхэд хүчирхийлсэн этгээдэд торгууль биш ял оноож, энэ төрлийн гэмт хэргийг Өршөөлийн хуульд хамруулахгүй байхыг хүсч байгаа. Хүүхдэдээ тавих хараа хяналтыг эцэг эхчүүд хүүхдэдээ тавих халамж гэж ойлгоод байна. Хүүхэд хүчирхийлсэн хүмүүсийн дийлэнх нь ээж аавыг нь таньдаг хүмүүс байдаг юм байна. Эрүүгийн хуулиар хүүхдийн хүчирхийлэл үйлдсэн хүнд оногдуулах ялын бодлогыг чангатгах, гэмт этгээдийн ял завших боломжийг хязгаарлах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, зочид буудлын тоог хязгаарлаж, зөвшөөрөлтэй зочид буудлуудад тавих хяналт, дүрэм журмуудыг сайжруулах зэрэг шаардлагыг Төрийн гурван өндөрлөгт бид хүргүүлнэ. Шаардлагын хариуг 7 хоногийн дотор авах хүсэлтээ мөн илэрхийлнэ" гэсэн юм. 



Жагсаалд оролцогсод "Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсоо", "Хүүхдийн хүчирхийллийг дахин тэвчихгүй", "Нүдээ нээ", "Цохилох бяцхан зүрх бүр жаргах ёстой", "Хүүхдийн ирээдүйг бүү хулгайл" гэх зэрэг уриа бүхий лоозон барьж, автомашинууд хүчирхийллийг эсэргүүцсэн зурагт хуудас, тоглоом зэргийг байршуулан оролцлоо. 

Иргэдийн сэтгэгдлийг хуваалцахад: "Би дөрвөн хүүхэдтэй, хоёр нь сургуульд явдаг. Сургууль нь маш ойрхон байдаг ч би заавал очиж авч, хүргэж өгдөг. Замд юу ч болоо билээ гэж их айж эмээж байна. Бид ямар аймшигтай нийгэмд амьдраад байгаа юм бэ. Үнэхээр аймшигтай хэрэг гарч байна. Үр хүүхдүүдийнхээ тайван амьдрах нийгмийн төлөө, тэдний төлөө дуу хоолойгоо хэлдэг хүмүүс байдаг юм шүү гэж харуулах гэж энд ирсэн", "Бага насны хүүхдийг байж боломгүйгээр харгислаж байгаа хүмүүсийг маш хатуу цээрлүүлж, яллаж байж дараа дараагийн удаа ийм гэмт хэрэг давтагдахаас сэргийлж чадна. Хүчирхийлэл үйлдэгчдэд хатуу анхааруулга болох ёстой. Жагсаж цуглаад өнгөрөх бус хуулийн хариуцлагыг чангатгах нь үүний үр дүн болно гэж харж байна", "Ингэж жагссанаар хүчирхийлэгчдэд анхааруулга өгнө", "Бид зөвхөн өөрсдийн хүүхдээ хамгаалаад зогсохгүй бусад хүүхдүүдийг ч хамгаалж байх ухамсрыг төлөвшүүлэх хэрэгтэй байна. Сэжигтэй аюултай санагдсан тохиолдол бүрийг шалгаж, сэрэмжилж байх хэрэгтэй" гэх зэргээр байр сууриа илэрхийлцгээж байв. 



Улсын ерөнхий прокурорын газрын мэдээлэлд дурдсанаар 2015-2016 онд улсын хэмжээнд 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Энэ нь зөвхөн хууль хяналтын байгууллагад бүртгэгдэж шалгагдсан бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо бөгөөд үүнээс гадна хичнээн хүүхэд бие сэтгэлээрээ хохирч байгааг тоолж, тодорхойлсон судалгаа өнөөдөр байхгүй байна. Харамсалтай нь эдгээр хүүхдийн 48 хувь нь гэр бүл, ураг төрлийнхөө хүний хүчирхийлэлд өртөн бүх насаараа бие махбод, сэтгэл санааны гүн шархтай үлдсэн байна. Тиймээс тэмцэл, эсэргүүцэл үүгээр зогсохгүй гэдгийг илэрхийлээд, хуульд өөрчлөлт оруулж, анхаарал халамжаа нэмэгдүүлэх хүртэл үргэлжлүүлнэ гэдгийг жагсаал зохион байгуулагчид болон дэмжигчид мэдэгдэж байсан юм. 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Связанные новости