Ой тогтоолтын Монгол Улсын 2018 оны аваргууд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-04-06 16:50:57
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ой тогтоолтын 2018 оны Монгол Улсын аварга шалгаруулах оюуны спортын YIII тэмцээний сүүлийн шатны шалгаруулалтаар шилдгүүд тодорлоо.

Урьдчилсан шатнаас шалгарсан 80 тамирчин сүүлийн шатанд бага, дунд, насанд хүрэгчдийн ангилалд харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдсөн юм. Тус тэмцээнд ОУИМ 3, Их Мастер 3, ОУМ 6, Азийн мастер 3 буюу 15 олон улсын цолтой тамирчид оролцсон нь тэмцээнийг маш өрсөлдөөнтэй болгов.

Хоёр өдөр үргэлжилсэн тэмцээний төгсгөлд бага насны ангилалд Ш.Наранбат (3535 оноо), дунд насны ангилалд ОУИМ Э.Лхагвадулам (7047 оноо), насанд хүрэгчдийн ангилалд ОУИМ Э.Пүрэвжав (6170 оноо) нар тут тус тэргүүлж цом хүртлээ.

Нийт оролцсон тамирчдаас нийлбэр оноогоор тэргүүлэн Улсын аваргаар Монголын оюун ухааны академийн Дархан-Уул аймаг дахь салбарын тамирчин, ОУИМ, Өсвөрийн дэлхийн аварга Э.Лхагвадулам (7047 оноо) шалгарч хошой аварга болж нэг сая төгрөгийн мөнгөн шагналын эзэн болов. ОУИМ Э.Пүрэвжав 6170 оноогоор дэд байрт орж 750 мянган төгрөг, гутгаар байрт Орхон аймгийн тамирчин С.Жавхлантамир 5613 оноогоор шалгарч 500 мянган төгрөгийн мөнгөн шагнал хүртлээ.

Мөн бүх насны ангилалд хэд хэдэн улсын болон дэлхийн дээд амжилтууд шинэчлэгдсэн юм. Тухайлбал, ОУИМ Э.Лхагвадулам 5 минутад 1179 цифр (өсвөр, насанд хүрэгчид), 18.72 секундэд 1 багц буюу 52 ширхэг хөзөр (өсвөр), ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав 5 минутад 140 үг, З.Тэмүүжин 24.24 секундэд 1 багц буюу 52 ширхэг хөзөр (бага нас), Ш.Наранбат 663 цифр (бага нас) тогтоон алдаагүй санаснаар бага, дунд болон насанд хүрэгчдийн дэлхийн дээд амжилтыг тус тус шинэчлэн тогтоожээ.

Д.Өлзий
Связанные новости