Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Ж.Мөнхбат бурханы оронд заларлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-04-09 18:23:24
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, үндэсний бөхийн Даяар дуурсагдах далай даян дархан аварга, “Мехико-1968” олимпийн наадмын мөнгөн медальт, гавьяат тамирчин Жигжидийн Мөнхбат 76 насандаа бурханы оронд заларлаа.

Тэрбээр 1941 оны зургадугаар сарын 1-нд Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн. Ж.Мөнхбат аварга Монгол Улсын чөлөөт бөхийн анхны шигшээ багийн гишүүн. 1967 онд чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны хүрэл медаль, 1968 оны олимпийн наадмаас анхны мөнгөн медалийг эх орондоо авчирсан дэлхийд нэрээ дуурсгасан алдар цуутай тамирчин юм. Тэрбээр үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд зургаан удаа түрүүлсэн их хүчтэн, монгол түмний бахархалт бөх байлаа. 

Түүний улс орондоо төдийгүй тив,дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг удаа дараа дуурсгасан үндэсний бөх болон чөлөөт бөхөөр үзүүлсэн амжилтыг нь төр засаг, ард түмэн өндрөөр үнэлж 1967 онд Монгол Улсын спортын гавьяат мастер, 1991 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн билээ.

Дархан аварга Ж.Мөнхбат 1990 онд Улсын бага хуралд төрийн түшээгээр сонгогдож, Монгол Улсын анхны Ардчилсан хуулийг батлалцаж явсан  юм. 

Ум сайн амгалан болтугай
Связанные новости