“Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооё” дэвжээ тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-04-21 12:47:32
   Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газраас Улаангом сумын ЕБС-ийн сурагчдын дунд “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооё” дэвжээ тэмцээнийг өчигдөр “Ойрад” театрт зохион байгууллаа.
Тэмцээнд Ерөнхий боловсролын 6 сургуулийн 60 хүүхэд, 6 багш оролцсоноос Лаборатори Цогцолбор 1 дүгээр сургуулийн “Хязгааргүй” баг 1 дүгээр байр, Цогцолбор 2-р сургуулийн “Жинлүүр” баг 2 дугаар байр, Ерөнхий боловсролын 3-р сургуулийн “ Хөх толбо” баг, Ерөнхий боловсролын 6-р сургуулийн “Ирээдүй” баг оноо тэнцэж гуравдугаар байр тус тус эзэллээ. Шалгарсан багуудыг аймгийн ГХУСАЗСЗ-ийн шилжин явах цом, Хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасан юм. Дэвжээ тэмцээнд оролцсон сурагчид хүүхдийн хүчирхийлэл, томчуудын ёс зүйгүй үйлдэл, архидан согтуурал, хүүхдийн гадуурхал зэрэг асуудлыг хөндсөн дүрийн тоглолт хийж, томчууд хүүхдийн үгийг тоож сонсооч хэмээн уриаллаа.
Энэхүү тэмцээнд урилгаар аймгийн ИТХ-ын болон ГХУСАЗС-ийн дарга Э.Насанбат, аймгийн Засаг дарга, Хүүхдийн зөвлөлийн тэргүүн Д.Батсайхан, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Лхагвадорж, аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбаяр нар оролцлоо. Дэвжээ тэмцээнийг ЕБС-ийн 350 гаруй сурагчид үзэж сонирхсон бөгөөд энэ үеэр өсвөрийн сэргийлэгч 50 сурагч үйл ажиллагааны явцад дэг журам сахиулж ажилласан юм.
Б.Батхүү
Связанные новости