Тайвань Монголын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа идэвхжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-06-28 14:40:00
Улаанбаатар /МОНЦАМЭ/. П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлэг “NTUH-HOPE-2018” Тайвань Монголын эрүүл мэндийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааг энэ сарын 26-нд зохион байгуулав.

Нээлтийн үеэр энэхүү төслийг хамтран хэрэгжүүлж буй Тайваний Үндэсний их сургуулийн эмнэлэг болон Гуравдугаар төв эмнэлэг энэ онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.
Улсын Гуравдугаар төв эмнэлгийн дэд захирал С.Наранцэцэг хэлэхдээ, “Эрүүл мэндийн салбар нь улс орны хил хязгаараар хязгаарлагдахгүй онцгой салбар юм. Тайваний Үндэсний их сургуулийн эмнэлэг олон жилийн турш Монголын эмч эмнэлэгийн мэргэжилтнүүдийн мэргэжил дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлсээр ирсэн явдалд гүнээ талархаж байна” гэв.
Энэ удаагийн зочдын багийг ахлан ирсэн Тайваний Үндэсний их сургуулийн Олон улсын эрүүл мэндийн төвийн гүйцэтгэх захирал Жу Жиа Ю, “Бид энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд 9 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Хөтөлбөрийн хүрээнд Монгол орны эмч, эмнэлгийн мэргэжилтэн, сувилахуйн мэргэжилтнүүдийг Тайваньд мэргэжил дээшлүүлэх сургалт семинарт хамруулахаас гадна жил бүр хамтран ажилладаг эмнэлгүүдийн тавьсан санал хүсэлтийн дагуу ажлын байрны сургалтыг зохион байгуулж ирсэн. Энэ онд зүрх судасны өвчний чиглэлээр сургалт явуулж байна. Ирэх онд хамтарсан хөтөлбөр хэрэгжиж эхэлсний 10 жилийн ойгоо угтах болно” хэмээв.
Тайваний Үндэсний их сургуулийн эмнэлэг нь “Тайвань Монголын Олон улсын эрүүл мэндийн хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд Улсын Нэгдүгээр болон Хоёрдугаар төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлэг, ЭХЭМҮТ, ХСҮТ, ХӨСҮТ-тэй харилцаа, хамтын ажиллагаа тогтоосон юм.

Связанные новости