Денвер хотын эмнэлэг монгол охины амь насыг аврах мэс заслыг хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
nyamtulga@montsame.gov.mn
2018-08-03 11:51:49
twitter.com/Nyamkanmk
ДЕНВЕР. /Kdvr/. АНУ-ын Колорадо муж улсын Денвер хотын “Rocky Mountain Hospital for Children” эмнэлэг 10 сартай монгол охины амь насыг аврах зүрхний мэс заслыг энэ долоо хоногт хийхээр болсон байна. Ийм мэс заслыг Монгол улсад хийх боломжгүй ажээ.

Харин түүний нислэгийн зардлыг “Samaritan’s Purse” олон улсын тусламжийн байгууллага төлсөн байна.

Одоогийн байдлаар охин ээж болон орчуулагчийн хамт тус хотод айлд байрлаж байгаа аж. Охины ээж М.Нарангаравын хэлснээр, охин амьсгалахад бэрх, мөн их хөлөрч уйлдаг байна.

Харин хүүхдийн зүрхний мэс заслын эмч Стив Леонард, “Сарана охин зүрхний эмгэгтэй байна, түүний зүрхэнд нүх байгаагийн улмаас хэт их цусны урсгал уушгинд орж, зүрхний архаг дутагдал үүсгэж байна. Нас нь бага энэ үед мэс засал хийвэл охин эдгэрнэ” гэж хэллээ.

Мөн тэрбээр, “энд охины зүрхний эмгэгийг бүрэн эмчилж, охин эрүүл саруул гэртээ харьж, энгийн амьдралаар амьдрах болно” гэж хэлсэн байна.

Энэхүү мэс заслын бүх зардал 100 мянга гаруй доллар болох ажээ.

Ийм сайхан мэдээ сонссон охины гэр бүлийнхэн маш баяртай, итгэл найдвар дүүрэн байна.
 
Д.Нямтулга
Связанные новости