Ц.Нямсамбуу:Манай компани чанартай, чийг татдаггүй, үнэ хямд, загварлаг гутал үйлдвэрлэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС“Баруун загвар” ХХК-ийн захирал Ц.Нямсамбуутай ярилцлаа. Мэргэжлийн түвшинд, орчин үеийн, дэгжин загварлаг гутал үйлдвэрлэж Увсчуудаа, цаашлаад баруун бүсийнхнийг хангаж ирсэн тус компанийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Чанарыг ямагт эрхэмлэж ирсэн “Баруун загвар”-ын гуталнууд бүс нутагтаа брэнд болж чаджээ.
-Таныг гадаадад гутал үйлдвэрлэх чиглэлээр мэргэжил эзэмшсэн гэж сонссон. Яг хаана ямар сургууль төгссөн юм бэ?
-Хуучнаар Хөнгөн үйлдвэрийн яам гэж байсан юм. Би тэр яамны нэр дээр Бүгд Найрамдах Чекславк улсад хөнгөн үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмжийн механик мэргэжил эзэмшсэн. 1984 онд сургуулиа төгсөж ирээд аймгийнхаа Нийтийн ахуйн үйлчилгээний газарт ажиллах гэсэн боловч зөвшөөрөөгүй. Яамны нэр дээр сурсан тул Гутлын үйлдвэрт ажиллахаас өөр сонголт байгаагүй юм.
Би багаасаа их нутаг амьтай. Сургуульдаа сурахаар онгоцонд суугаад Улаан уулын дээгүүр нисч, нэг жил нутагтаа ирэхгүй гэж бодохоор л өөрийн эрхгүй нүднээс нулимс урсдаг байж билээ. Зуны амралтаар ирснийхээ маргааш нь Улаан уулан дээр гүйж очдог байлаа.
-Нутаг амьтай хүн маань Увсад хэзээ ирж суурьшсан бэ?
-Социализмын үед манай Гутлын үйлдвэр Азидаа томд ордог байсан. Чехийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон Гутлын үйлдвэрийн суурь дөнгөж тавигдаж байхад бодлогоор биднийг сургахаар явуулж байлаа. Бодлоготой байсан цаг учраас энэ үйлдвэр дөрвөн жилийн дараа баригдаад ашиглалтанд ороход мэргэжилтэй ажилчид бэлэн болоод ирж байсан. Энэ үйлдвэр Монгол улсын ард иргэдийн гутлын хэрэгцээг бүрэн хангаж байсан. Цэргийн албыг 3 жил хаадаг байхад тэр бүх цэргийн бакалыг бүрэн хангаад, цаана нь Ветьнам улс руу цэргийн бакал гаргадаг байж билээ.
1994 онд одоогийн “молекул” хочит Батбаяр Гутлын үйлдвэрийг хувьчилж авсан юм. Уг нь манай үйлдвэр 2000 гаруй ажилчинтай байсан ч үе үе ажилчдаа цомхотгож, зарим үед сул зогсолт хийж явсаар 1999 онд бүрэн хаагдсан. Эхнэр маань Гутлын үйлдвэрт мастераар ажиллаж байсан.Би нутаг амьтай хүн учраас тэр олон ажилчдын дундаас нутгийнхаа хүнтэй хувь заяагаар холбогдсон юм. Увсаас Улаанбаатарыг чиглэсэн их нүүдэл эхэлчихсэн байхад бид хоёр зөрөөд нутагтаа ажиллаж амьдрахаар 1999 онд ирж байлаа шүү дээ.
Анх Галарейн фудвольд ганцаараа гутал оёж эхлэсэн. Тэр үед фудволь ашиглаж юм хийнэ гэсэн ойлголт Увсынханд байгаагүй.
-“Баруун загвар” гэдэг нэрний учир?
-Гутлын үйлдвэр хувьчлагдсаны дараагаар үйлдвэр маань сул зогсолт ихтэй болсон тул гэрээрээ гутал оёдог байлаа. Тэр үед хувийн цех, компани байгуулах санаа төрж, хамгийн түрүүнд нэрээ олсон. Манай баруун аймгийнхан ажилсаг хичээнгүй ард түмэн. Тэгээд ч цагаан ултай гутлынхаа технологийг авч үлдэж чадсан учраас үүнийг нь тодруулж өгөх үүднээс компаниа “Баруун загвар” гэж нэрлэсэн юм.
-Нутагтаа ирээд 20-иод жил болох гэж байна. Тэгэхээр төрсөн нутаг тань ивээлээ өгч, компани тань улам өргөжсөн байна шүү дээ?
-Тиймээ. Үйлдвэрлэл явуулахад дор хэлж 30 хувийн ашиг олдог, тэр нь ажилчдын цалинд явдаг байх хэрэгтэй. Тийм учраас төрөөс жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжиж урт хугацаатай, бага хүүтэй зээл өгдөг.Манай компани сайн ажиллаж байгаа ажилчдаа аль болох урамшуулах, нийгмийн асуудлыг нь шийдэхийн төлөө явдаг. Өдийд ажилчиддаа тус бүрт нь 2 тн нүүрс өгдөг уламжлалаа давтаж байна. Ер нь бол хувийн хэвшилд ажиллаж байгаа ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд төр бодлогоороо дэмжих хэрэгтэй. Жишээ нь хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүсийг төрд ажил хийдэг хүмүүстэй адилхан урамшуулах гэх мэт хөшүүрэг хэрэгтэй байна. Тэгэхгүйгээр дан ганц компанийн захиралд даатгаад хаях нь буруу.
Миний хувьд ажилчиддаа аль болох их цалин өгөхийг боддог. Цалингийн доод хэмжээ 92 мянга байж байгаад 192 мянга болоход зарим компанийн захирал манайх дампуурлаа гэж байсан. Ийм юм хэлж байгаа захирал компаниа татан буулгаад ажилчны эгнээнд шилжсэн нь дээр. Одоо 192 мянгаар хүн амьдрахад хэцүү болсон. Тийм болохоор хувийн хэвшлийн ажилчдын цалинг төрд ажиллаж байгаа хүмүүсийн цалинд хүргэдэггүй юмаа гэхэд дор хаяж 70 хувьд нь хүргэх хэрэгтэй. Тэгэхийн тулд компанийхаа менежмент дээр анхаарч бүтээгдэхүүний борлуулалтыг сайжруулах шаардлагатай юм.
-Гутлын үйлдвэр, цехүүд манай аймагт цөөнгүй бий. Энэ хэрээр өрсөлдөөн их биз?
-Улаангомд үйлдвэр нэг ч байхгүй гэж би хэлэх байна. Зүгээр амь аргацаасан төдий өрхийн, цехийн үйлдвэрлэл байгаа. Миний ажиллаж байсан үеийнх шиг ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн, улс эх орондоо татвар хураамжаа цаг тухайд нь төлдөг тийм үйлдвэр байхгүй. Үйлдвэр гэдэг чинь ирээдүйгээ 5-10 жилээр хараад төлөвлөгөөгөө гаргачихсан, инженер техникийн асуудлаа шийдчихсэн, дэвшилтэт техник технологи ашиглаж бага зардлаар богино цагт аль болох үр бүтээлтэй үйлдвэрлэл явуулахыг хэлдэг. Бас шинжлэх ухааны судалгаанд суурилдаг. Түүнээс биш хэн нэгэн энд нарийн боов хийгээд, тэнд гутал оёж байгааг үйлдвэр гэхгүй.
Саяхан би Красноярскын гутлын үйлдвэр дээр очиж үзлээ. Тэр үйлдвэр 90 жилийн түүхтэй бөгөөд бүх зүйл нь бодлогоор явж байна. Сибирийн нөхцөл хүйтэн, Монголын эрс тэс уур амьсгалтай төстэй учраас өвлийн гутлыг нэхий дотортой, зуныхыг арьсан дотортой, чийг татдаггүй гүн боловсруулалт хийсэн улан дээр өндөр технологиор үйлдвэрлэж байна. Хаяг шошго, сав баглаа боодол гээд бүх зүйл нь чанарын өндөр түвшинд хийгддэг. Тэр үйлдвэртэй манайхныг харьцуулах ч юм биш. Бид зүгээр эхлэлийн төдий явж байна.
-Увсын цагаан ултай гутал гэхээр бусад аймгийнхан анддаггүй юм билээ?
-Увсынхан цагаан ултай гутлын технологийг аваад үлдчихсэн тул хэрэглээгээ болгож чадсан. Одоо үүнийгээ илүү боловсронгуй болгох хэрэгтэй. Нэг үнийг бариад, нэг стандартаар, нэгдсэн хаяг шошготой үйлдвэрлэх нь чухал байна. “Баруун загвар”, “Дөрвөн булаг”-т үйлдвэрлэв биш,“Увсад үйлдвэрлэв” гэсэн нэгдсэн нэг хаягтай байх юм. Гутлын түрий, толгой, ул нь боловсрогдсон монгол үхрийн ширээр хийгддэг, дулаахан, эдэлгээ сайтай, үнэ хямд байна. Ингэвэл Монголын гурван сая иргэдийн 40-50 хувьд нь нөлөөлөхөөр том зах зээл байна. Ерөнхийдөө нэг загвар гарна. Нямсамбуу 10 гутал хийсэн бол тэр загвар, стандартыг барьчихсан, Гомбоо100 хос гутал хийсэн бол мөн адилхан, бүгд нэг стандартыг барьчихаар үнэ ижил болж таарна даа. Гэхдээ бүгдээрээ компани, аж ахуйн нэгж болж, тус тусдаа тамга барьчихсан болохоор учир дутагдалтай зүйл бий. Компани тус бүр өөр өөрийн гэсэн байр суурьтай, магадгүй зарим нь зээлд хамрагдчихсан байгаа. Тэгэхээр нэгдсэн стандарт гаргаад хаяг шошго нь хаана байх ёстой юм, улны зузаан шир ямар байх вэ гэдгийг бүгдийг нь нарийн судлаж тогтоогоод аймгийн хэмжээнд сардаа 5000 хос гутал гаргахын тулд компани тус бүр хүчин чадалдаа тааруулаад хэн хэдийг оёхоо тохирчихно. Нэг стандартаар үйлдвэрлэсэн тул үнэ адилхан байна. Улаанбаатарт 100 мянган төгрөгний үнэтэй гутал Баян-Өлгий, Увсад адилхан л үнэтэй байх ёстой.
Одоо яаж байна гэхээр 100 хос цагаан ултай гутал авах сонирхолтой хүн манайд ирэхээр би 60 мянга гээд явуулна, Гомбоо 55, Цэнд-Аюуш эгч 50, дараагийн хүн 45 гэсээр нөгөө хүн 45-д аваад явдаг. Дараа нь би юу гэж бодох вэ гэхээр хамгийн хямд үнийг баръя гэдэг. Үүнээс болоод хулхи гутал хийх болж байгаа юм. Цагаан ултай гутлыг би 45-д барих гэж байтал 35-д хүн хийчихсэн байвал яахав. Бөөндөж авна гэдэг нь тэр хүн эцсийн хэрэглэгч биш гэсэн үг. Тэр хүн 100 хос гутал аваачаад дахин дамлаад зарна. Болж өгвөл ашиг олох гэж байгаа юм чинь хэд ч нугалаж мэднэ. Түүнээс биш Увсын гутлын чанар, худалдан авагчийн төлөө санаа зовохгүй. Нэг ёсондоо бөөний худалдан авагчдад бид цохиогдоод байна. Ийм үйлвэрлэл байдаггүй. Энэ байдлаар яваад байвал Увсын гутал худалдан авагчгүй, хэрэглэгчгүй болж, нэр хүнд нь унана. Үүнд л би эмзэгдэж явдаг.
-Танай компанийн бусдаас ялгарах давуу тал нь юу вэ?
-Арай жаахан загварлаг л юм даа. Цагаан ултай гутлыг ботинк хэлбэрт оруулж байгаа. Дээд тал нь ботинк хэлбэртэй, хагас түрүүтэй эр, эм гутлыг цахилгаантай, загварын хэвэнд хийгээд улыг нь бас л цагаан ултай хийж байна. Ингэвэл чийг татахгүй, хөнгөн, үнэ хямд, загварлаг, өдөр тутам өмсөж болох зэрэг давуу талтай. Загваржуулаад хийж байгаа газар байна л даа. Анхных нь манайх. Одоогоор манайх 12 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
-Танай компани энэ хугацаанд ямар шагнал урамшил хүртсэн бэ?
-Анх 2009 онд Худалдаа аж үйлдвэрийн танхимын шугамаар Ховд аймагт үзэсгэлэн худалдаанд оролцож хүүхдийн цагаан ултай гутлаараа мөнгөн медаль хүртэж байсан. 2012 онд Худалдаа аж үйлдвэрийн танхимын Гранпри шагнал хүртсэн. “Нэг суурин нэг бүтээгдэхүүн”-ээр манайх Засгийн газрын “Хүндэт өргөмжлөл” авч байсан.
Саяхан Красноярскын гутлын үйлдвэртэй хамтарч ажиллах гэрээ хийгээд ирсэн. Захиалга жаахан багасахаар ажилчидтайгаа явж 7 хоногийн дадлага хийнэ. Баруун бүсийн хөрөнгө оруулалтын чуулган дээр Красноярскын гутлын үйлдвэрийн захирал ирж манайхны үйлдвэрүүдээр орж танилцсан юм. Би тэр үеэр уулзаж, үйлдвэрлэсэн гутлаа үзүүлэхэд манайд ул нийлүүлэе гэсэн. Намайг очиж дадлага хийе гэсэн чинь компанийн захирал хүн өөрөө дадлага хийх юмуу гээд их гайхсан. Танай Монголчууд нэхий дотортой гутал өмсөх хувьтай төрсөн хүмүүс. Яагаад гэвэл их малтай, жилдээ 10 сая гаруй мал нядалдаг, түүнийхээ арьсыг боловсруулаад гутал үйлдвэрлэхэд хангалттай хүрэх учраас янз бүрийн дотор битгий хий, цэвэр нэхийгээр гутлаа доторло. Тэгвэл хямд бөгөөд хамгийн чанартай гутал болно гэж Красноярскын гутлын үйлдвэрийн захирал надад хэлсэн.
-Шинээр санаачлан хийх гэж байгаа ямар ажил байна?
-Манайх энэ хавраас ажилчдын гутал хийхээр зорьж байгаа. Чанарын шаардлагад нийцсэн сайн гутал хийж өг, бид орон нутгийнхаа үйлдвэрлэлийг дэмжие гэсэн санал ирсэн. Жишээ нь барилгын ажилчдын гутал гэхэд хоншоор дээр нь тоосго унахад яадаг ч үгүй төмөр хамгаалттай гутал байдаг. Энэ мэт стандартын дагуу гутал үйлдвэрлэхээр бэлтгэл ажилдаа ороод явж байна.
Энэ жил аймгийнхаа түүхт 90 жилийн ойг тохиолдуулаад манайх хром гутал хийсэн. Хотоос бүх материалаа бэлдэж ирээд орос хромын стандартаар хадаасан уллагаатай, хэвлэсэн зуузайтай орос хромоос ялгаагүй гутал хийсэн. Тэр гутал авсан хүмүүс маань их ам сайтай байгаа. Оросоос ирдэг гутал гэхэд хэдэн хүний гар дамжиж ирнэ тэр бүрт үнэ нэмэгдээд байдаг, манайх дотооддоо хийсэн учраас хямд үнэтэй, чанартай, орос хромоос ялгагдах юмгүй болсон. Гэхдээ хүмүүсийн сэтгэлгээнд орос хром л сайн гэсэн ойлголт хадгалаатай хэвээрээ байна. Үүнийг л өөрчилмөөр байгаа юм.
Манай компани одоогоор 30-аад загварын гутал үйлдвэрлэж байна. Энэ нь хүмүүсийн сонирхол, хэрэгцээнд нийцүүлж гаргасан загварууд байгаа юм. Зуны ботинкийг цэвэр арьсан дотортой, цагаан улаар уллаад хийж байгаа.Ширээр улалдаг болохоор үзэмжээр гадаадын гуталд хүрэхгүй ч чийг татдаггүй байдал, эдэлгээ даах чадвараараа гадаадын гуталнуудаас хамаагүй давуу байж чадна. Би Итали, Германых шиг тийм гоё гутал хийе гэж бодохгүй байна. Дундаж амьдралтай хүмүүс манайд дийлэнх нь байдаг тэгэхээр массаа хамарсан хямд, чанартай, чийг татахгүй, бас боломжийн загвартай гутал үйлдвэрлэх зорилготой ажиллаж байна даа.
Дарханы нэхийн үйлдвэрт гутлын зориулалтаар нэхий бэлдэж өгөх санал тавихад тэд хүлээж аваад болно гэсэн хариу өгсөн. Гэхдээ тэдний нэхий үнэтэй юм билээ. Одоо хонины нэхий мянган төгрөгийн үнэтэй байхад тэднийх боловсруулаад 16 мянгаар зарна гэж байх жишээтэй. Хүүхдийн гутлыг гүн боловсруулсан улан дээр нэхий дотортой хийх хэрэгтэй.
-Та компанийхаа ирээдүйг хэрхэн төсөөлж байна?
-Өөдрөгөөр л хардаг. Мэргэжлийн түвшинд ажиллаж чадаж байгаа ажилчдынхаа эрх ашгийг хамгаалж, амьдрал ахуйд нь боломжийнхоо хэрээр туслачих юмсан гэж бодож явдаг. Улаангом хотноо Төрийн орон сууц кропрацийн барьсан 75 айлын орон сууц эзгүй байна. Үүнд хувийн хэвшилд олон жил тууштай ажилласан хүмүүсийг яагаад хамруулж болохгүй гэж. Багш, эмч гэх мэт төрийн албан хаагчдад биш хувийн хэвшлийнхэнд ч гэсэн байр өгөх хэрэгтэй. Иймэрхүү зүйлээр дэмждэггүй учраас хүмүүс хувийн хэвшилд ажиллах дур сонирхолгүй байна. Танай компанийн энэ ажилтан 10 жил тууштай ажилласан байна, цаашид 10 жил ажиллаад байрныхаа зээлийг төлөх боломжтой юу гээд захирлуудаас нь баталгаа аваад байр олгодог болмоор байна шүү дээ. Тэгвэл 8 жил болсон ажилтан би одоо 2 жил ажиллаад байртай болох юм байна гээд сэтгэл өөдрөг идэвхтэй ажиллана биз дээ. Ийм л хөшүүрэг төрөөс хийж хувийн хэвшлийг, тэнд ажиллаж байгаа хүмүүсийг дэмжих шаардлагатай байгаа юм.
-Танд баярлалаа.
Увс аймаг Б.Батхүү