Цогцолбор хоёрдугаар сургуулийн өргөтгөлийн ажил ирэх сарын 20 хүртэл үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-08-30 18:03:50
Увс /МОНЦАМЭ/. Шинэ хичээлийн жил эхлэхтэй холбоотой аймгийн боловсролын байгууллагууд сургалтын үйл ажиллагаа явуулах анги танхим, сургалтын бэлтгэлээ хангаж дуусаад байна. Харин Улаангом сумын Цогцолбор хоёрдугаар сургуулийн барилгыг гурван давхар болгож өргөтгөх ажил дуусаагүй байгаа учир есдүгээр сарын 1-нд нийт сурагчдын талаас илүү хувь нь сургуулийн байрандаа хичээллэх боломжгүй байна.

Учир нь цаг хугацаа шаардсан удаашралтай тендер шалгаруулалтын улмаас гүйцэтгэгч компани өргөтгөлийн ажлыг оройтож эхэлснээс 9-р сарын 20 хүртэл сургалтын үйл ажиллагаандаа зохицуулалт хийх шаардлага үүсээд байгаа юм.
“Манай сургуулийн 6,7,8-р ангийн сурагчид ахлах 4-р сургуульд, 1-5-р ангийн сурагчид бага сургуульд, 10-р ангийн сурагчид дотуур байранд, 9,11,12-р ангийн сурагчид сургуулийнхаа нэгдүгээр давхарт хичлээллэхээр болж байна. Сургуулийн өргөтгөлийн ажлыг гүйцэтгэгч “Амарсанаа” компанийн хувьд энэ жил гурван давхарын ажлын цонх, өрлөгийг хийж, дээврийг битүүлээд орхих юм. Ирэх жил уг ажил бүрэн дууссанаар тус сургуулийн сургалтын орчин өргөжиж, шинээр 17 анги нэмэгдэнэ. Ингэснээр ахлах ангийн хүүхдүүд ээлжгүйгээр анги танхимаа эзэмшин хичээлдээ шамдан суралцах орчин нөхцөл бүрдэх юм” хэмээн тус сургуулийн захирал Г.Энхбат хэллээ.
Б.Батхүү
Связанные новости