Улаан ямааны ноолуураар бүтсэн брэнд гаргахад ойртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2015-12-14 17:41:34

Дорноговь аймаг сүүлийн жилүүдэд малын чанар, ашиг шимийг дээшлүүлэх тал дээр ихээхэн анхаарч 5 жилийн турш судалгаа, шинжилгээ, ангилалт хийсний үр дүнд Дэлгэрэх суманд улаан ямааны шинэ омог бий болголоо.

Судалгааны үр дүнд тус сумын улаан ямаа нь говийн эрс тэс байгаль цаг уурын нөхцөлд дасан зохицсон амьдрах чадвар сайтай, амьдын жингээр бусад үүлдэр омгийн ямаанаас илүү, ноолуур нь 13-15 микронтой жигд урт ноолууртай өвөрмөц популяци болох нь тогтоогдон тоо толгой нь 13.000-д хүрчээ.

Улаан ямааны ноолуурын өнгө, чанарыг судлахаар "Говь" ХК-ний Чанар, стандарт, баталгаажуулалтын газрын ажилтнууд тус сумын улаан ямааг газар дээр нь очин анхан шатны судалгаа хийж улаан ямаа болон ноолуурын дээжид үзлэг хийсэн аж. Үзлэгээр Дэлгэрэхийн улаан ямааны ноолуур нь нутгийн онцлогоос хамаарч бусад шилмэл омгийн ямаанаас өнгөний хувьд шинэ өнгөтэй, ноолуурын ширхэг нарийн чанартай өвөрмөц болох нь эхний судалгаагаар батлагджээ.

Ирэх хавар "Говь" ХК-ний судалгааны баг дахин газар дээр нь нарийвчилсан судалгаа хийх бөгөөд ховор, сайн чанарын ноолуур гэдэг нь батлагдвал Дэлгэрэхийн улаан ямааг тусгайлан ангилж самнуулан тус ноолуураар бүтээгдэхүүн хийж туршиж үзэн цаашид бүхий л тал дээр хамтран ажиллахаа илэрхийлэв.

Дашрамд дурдахад "Говь" ХК цөөхөн хэдэн аймгаас ноолуур худалдан авдаг бөгөөд Дорноговь аймгийн ноолуурыг худалдан авч бүтээгдэхүүн хийж байгаагүй юм байна. Дээрх судалгаа амжилттай болбол тус аймгийн малчид өндөр үнээр орон нутагтаа ноолуураа борлуулах найдвартай түнштэй болохоос гадна Дорноговь аймгийн Улаан ямааны ноолуураар бүтсэн шинэ брэнд бүтээгдэхүүн бий болоход ойрхон болжээ.

 

Related news