ОХУ-ын хөнгөн атлетикчид "Рио-2016"-д оролцох боломжгүй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
nyamtulga@montsame.mn
2015-12-30 10:22:36

МОСКВА. /ВВС/. Ирэх жил болох “Рио-2016” олимпын наадамд ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчид оролцох боломжгүй байна гэж Европын Хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Свейн Арне Хансен мэдэгдэв.

Сэргээш хэрэглэсэн асуудлын улмаас ОХУ-ын тамирчдын эрхийг нь Олон улсын хөнгөн атлетикийн холбоо /ОУХАХ/ хассан билээ. Ирэх нэгдүгээр сард ОУХАХ-ны хяналтын хороо ОХУ-д айлчилна.

“Одоогийн байдлаар ОХУ-ын тамирчид тавьсан болзлыг биелүүлэх хэрэгтэй. Гэсэн ч тэднийг “Рио-2016” наадамд оролцоно гэж бодохгүй байна” гэж Хансен мэдэгджээ.

Олимпын наадам болохоос тав хүрэхгүй сарын өмнө буюу гуравдугаар сарын 27-нд Уэльсийн нийслэл Кардифф хотод болох уулзалтаас аль болох өмнө ОУХАХ-ны хяналтын хороо тайлангаа ОУХАХ-ны зөвлөлд тавих ажээ.

“ОХУ-ын хөнгөн атлетикчид дунд сайн хүмүүс байгааг бид мэдэх бөгөөд тэд сонгогдоно гэдэгт би итгэлтэй байна. Мөн өөрчлөлт хийх шаардлагатай гэдгийг ойлгох шинэ хүмүүс гарч ирнэ гэж бид найдаж байна” гэж тэрбээр мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Related news