Мубаракийг дахин шүүнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-01-21 11:15:50

КАИР. /RIA Novosti/. Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийн 2011 оны үймээний үеэр жагсагчдыг хөнөөсөн хэргийн давтан шүүх ажиллагааны анхны шүүх хурал пүрэв гарагт болно.

Дуулиан дагуулж, урт удаан хугацаанд сунжирсан энэ хэргийг дахин шүүх хурал Каир хотын давж заалдах шатны шүүхэд болох аж.

Ерөнхий прокурорын газрын гаргасан ялыг хэрэгсэхгүй болгох тухай гомдлыг Египетийн давж заалдах шатны шүүх өнгөрсөн оны зургадугаар сард хүлээж авсан бөгөөд Мубарактай холбоотой хэргийг шүүх хурлыг 11 дүгээр сарын 5-нд товлосон боловч дараа нь нэгдүгээр сарын 21-нд болгон хойшлуулжээ. Дээрх хэргээр шүүгдэж байсан бусад хүн тухайлбал, Дотоод хэргийн сайд Хабиб аль-Адлиг бүрмөсөн цагаатгасан байна. Энэ удаагийн шүүх нь Мубаракийн хувьд энэ хэргээр явуулах сүүлийн шатны шүүх ажиллагаа болох бөгөөд ялыг эцэслэн баталж, тэрбээр дахин давж заалдаж чадахгүй юм.

Каирын эрүүгийн шүүх 2012 оны зургадугаар сарын 2-нд Хосни Мубарак, аль-Адли нарт бүх насаар нь хорих ял оноосон байна. Шүүх тэднийг 2011 оны үймээний үеэр энгийн иргэд амиа алдсанд холбоотой гэж үзжээ. Мубаракийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг Египетийн эрүүгийн шүүх 2013 оны нэгдүгээр сард хүлээж авсан байна.

Египетийн Ерөнхийлөгч асан болон түүний хөвгүүдэд жагсагчид амиа алдсан болон авлигын гэмт хэргээр оноосон бүх ялыг Каир хотын шүүх 2014 оны 11 дүгээр сард хэрэгсэхгүй болгожээ. Мубаракийн хамт энэ хэргээр шүүгдэж байсан Египетийн Дотоод хэргийн сайд асан болон түүний ойрын зургаан туслахыг мөн цагаатгасан байна. Шүүхийн энэ шийдвэр нь тус улсын ард иргэдийн дургүйцлийг төрүүлжээ.

Шоронд хэдэн жилийг өнгөрүүлсэн Хосни Мубаракт үүсгэсэн авлигын хэд хэдэн хэргийг урьд нь хэрэгсэхгүй болгосон боловч ерөнхийлөгчийн орднуудтай холбоотой хэргээр түүнд 2015 оны тавдугаар сарын 9-нд гурван жил хорих ял оноосон байна.

Д.Жаргал

 

Related news