Хүүхдийн мөнгийг энэ сараас үргэлжлүүлэн олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-01-22 10:54:50

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр эхлэв.

Уг тогтоолын төслийг Засгийн газар энэ сарын 8-нд нэн яаралтай хэлэлцэх дэгээр өргөн мэдүүлсэн юм. Тус тогтоолд "1-17 бүлгийн" гэдэг хэсгийг хасч өөрчлөлт оруулна. Өөрөөр хэлбэл, 1-20 бүлгийн нийт өрхийн 0-18 насны бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох зохицуулалтыг тусгасан юм.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, "Тогтоолд өөрчлөлт оруулснаар бүх хүүхдэд хүүхдийн мөнгө өгч чадахгүй. Тодотгол хийхгүйгээр энэ мөнгөө яаж өгөх гэж байна вэ" гэсэн асуудлыг тодруулахад салбарын сайд С.Эрдэнэ, "Дэлхийн банкны хөтөлбөрөөр өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа явуулсан. Судалгааны үр дүн гарсан. Хүүхдийн мөнгө хасах асуудал яригдаагүй. Хүүхдийн мөнгөний эх үүсвэр дутсан тохиолдолд ямар нэг эрсдэл үүсэхгүй. Тодотголоор зохицуулах бүрэн боломжтой" гэсэн тайлбар өглөө.

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, "Хүүхдийн мөнгөн дээр УИХ ойлголтоо нэгтгэх хэрэгтэй. Хүүхдийн мөнгө бол халамж гэсэн ойлголт өгөөд байна. Үүнээс болоод халамж хавтгайрсан мэтээр нийгэмд ойлгогддог. Хоёрдугаарт, Засгийн газар өнөөгийн байгаа төсөвтөө тааруулж өгвөл хүүхдийн мөнгө дутна. Тиймээс тодотгол хийх замаар эл мөнгийг тогтвортой олгоно гэж ойлгож байгаа" гэсэн юм.

Байнгын хороо уг асуудлыг хэлэлцэх үед анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гарч байсан. Гишүүд асуулт асууж асуудлыг тодруулсаны дараа тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг олонх дэмжлээ. Үүгээр энэ сараас эхлэн хүүхэд бүрт 20 мянган төгрөгийг сар бүр олгохоор УИХ шийдвэрлэв.

Б.Туул

 

Related news