Ерөнхий сайдыг огцруулахгүй гэж мэдэгдэл гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-01-27 15:29:36

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тухай албан бичгийг зарим УИХ-ын гишүүд өргөн бариад буй. Энэ асуудлаар Монголын бизнес эрхлэгчдийн зарим холбоо, байгууллагууд мэдэгдэл гаргасан байна.

Мэдэгдэлд, "Дөнгөж сэргэж байгаа бизнесийн итгэлийг алдахгүй ажиллах нь энэ төрийн нэн тэргүүний зорилт байх ёстой. Улс орны ирээдүй, иргэдийнхээ аж амьдралаар тоглож, зөвхөн явцуу улстөрийн ашиг хонжоо хайсан богино зайны тоглолтоо нэн даруй зогсоохыг бид УИХ-ын гишүүдээс шаардаж байна.

Монгол Улсын хөгжилд чухал ач холбогдолтой уул уурхайн болон томоохон дэд бүтцийн төслүүдийг хэт их улстөржүүлж, санхүүгийн хариуцлага хүлээхгүй улс төрчид ажил хэрэгч бус байдлаар шүүмжлэх, иргэд, нийгмийн хүлээлтэн дээр улс төрийн ашиг хонжоо олох зорилгоор тоглох, төслийг хойшлуулах, удаашруулах, цаг алдуулах нь эдийн засаг, нийгмийн хөгжилд ямар их серөг нөлөө үзүүлдгийг сүүлийн жилүүд бидэнд мэдрүүллээ. Томоохон төслийн хэрэгжилт хойшилсноор улсын төсөвт орох байсан бүх төрлийн татвар, хураамж, алдагдсан орлого, есөн нэмэгдсэн ажилгүйдэл, амьжиргааны доройтол, алдсан цаг хугацаа, эдийн засгийн алдагдсан боломжийг тооцохын ч аргагүй болоод байна" гэжээ.

Түүнчлэн огцруулахыг дэмжсэн аливаа улстөрийн хүчин, улстөрчийг баялаг бүтээгчдийн зүгээс дэмжихгүй гэдгээ илэрхийлсэний зэрэгцээ популист улстөрчдийг дэмжиж, дэвэргэсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай харилцаагаа таслах болно гэдгээ мэдэгдэв.

Б.Туул

Related news