Төлөөлөгчид Сөүл хотын дарга Пак Ван Сүнтэй уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batsaikhan@montsame.mn
2016-02-18 09:34:26

УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд УИХ-ын гишүүн Су.Батболд, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар БНСУ-д  энэ сарын 15-21-ний хооронд ажиллаж байна. 

Мөн зарим аймгийн ИТХД, ИТХ-ын нарийн бичгийн дарга нар болон албаны бусад хүмүүс нутгийн удирдлагын туршлага судалж байгаа аж. 

2014-2015 онд нутгийн удирдлага, иргэний оролцоо өндөр түвшинд хөгжсөн Швейцарын Холбооны Улсад УИХ-ын гишүүд болон 21 аймгийн ИТХ-ын ажлын албаны бүрэлдэхүүн туршлага судалсан бөгөөд үүний үр дүнд нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчинд шинэчлэл хийх, бүх шатны төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөрийг бэхжүүлэхэд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, орон нутгийн хурлын дэмжлэг бий болсон юм. Уулзалтын үеэр төвлөрлийг сааруулах асуудлаар Сөүл хотын захиргаанаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх танилцуулгыг Сөүл хотын Захиргааны Олон улсын харилцааны хэлтсийн дарга Вүүн Сеок Баэк хийв. Төвлөрлийг сааруулах үйл явц нэлээн удаашралтай байгаа тул төвлөрлийг сааруулахыг дэмжигчид “30 хувийн орон нутгийн бие даасан байдал” гэсэн егөөдлөөр өнөөгийн байдлыг тодорхойлдог гэсэн юм. Орон нутгийн засаг захиргааны чадавхийг сайжруулах, мөн төвлөрлийг сааруулах хүчин чармайлтыг нэгэн зэрэг хийх ёстой гэж үздэг, учир нь ингэснээр энэ хоёр үйл явц бие биенээ дэмжиж байдаг юм гэлээ.

Уулзалтад Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд болон Сөүл хотын Захиргааны бусад албаны хүмүүс байлцлаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Related news