Нийт зөвшөөрлийн 30 хувийг цахимжуулаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-02-28 11:28:46

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Зөвшөөрлийн тухай хуулиар 1300 гаруй зөвшөөрлийг цөөлж, 370 болгосон.  

Үүнээс улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 93 тусгай зөвшөөрөл бүрэн цахимжаад байна. Зөвшөөрлийн нийт тоотой харьцуулахад цахимжсан зөвшөөрөл нь өнөөдрийн байдлаар хангалттай хэмжээнд хүрэхгүй байгаад бизнес эрхлэгчид шүүмжлэлтэй хандаж байна.


Тодруулбал, бизнес эрхлэгч нар төрийн үйлчилгээг цахимжуулсанд эерэг хандаж буй боловч энэ үйл явц нь удаан байгааг хэлж байна. Энэ талаар МҮХАҮТ-д болсон “Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, түүний үр нөлөө” болон явцын талаарх уулзалтаар хэлэлцлээ.

Засгийн газрын ХЭГ МҮХАҮТ-аас хамтран зохион байгуулсан уулзалт хэлэлцүүлэгт ЭЗХЯ, ХЗДХЯ зэрэг зарим яам, төрийн болон ТББ, хувийн хэвшлийн 200 гаруй төлөөлөл оролцсон юм.


Улсын хэмжээнд 370 зөвшөөрлөөс 93-ыг цахимжуулаад байна.



МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, зөвшөөрлийн тоог цөөлөх зорилготой энэ хуулийн агуулга чухал боловч зөвшөөрөл авахад дагалдан бүрдүүлэх бичиг баримт тоо, үүнд зарцуулж буй хугацаа буурахгүй байна. Мөн зөвшөөрлийн цахимжсан нэгдсэн систем бүрдээгүй байгааг бизнес эрхлэгч нар хэлж байна гэв.

Хэлэлцүүлэгт оролцсон Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга, Зөвшөөрлийн зөвлөлийн дэд дарга Б.Баасандорж хэлэхдээ, хуулийн хэрэгжилтийн талаар хууль хоорондын давхцалын талаар хэд хэдэн асуудал хөндөгдлөө. Энэ талаар бид холбогдох газарт нь уламжилж, мөн Зөвшөөрлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх санал оруулна гэдгээ мэдэгдсэн юм.


“Увс хүнс” ХХК-ийн стратеги төлөвлөлт, инновац хариуцсан захирал З.Цэцэгсувд, хуулийн хүрээнд зөвшөөрлийн тоо багасаж байгаа нь сайшаалтай. Гэхдээ тусгай зөвшөөрөл авахад олон байгууллагааар орж байна. Тухайлбал, манайх хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг учир ойн зурвас байгуулахын тулд ХХААХҮЯ, БОАЖЯ гэсэн хоёр яамаар орох жишээтэй гэв.

УИХ-аас 2023 оны нэгдүгээр сард Зөвшөөрлийн тухай хуулийг шинэчилсэн. Үүнээс хойш уг хуулийн талаар 6 удаа хэлэлцээд байна. 

Related news