СЭЛЭНГЭ: Гурилын үйлдвэрийн дэргэдэх лабораторийн шинжилгээ эргэлзээтэй байгааг тариаланчид хөндөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-03-28 08:28:25

Сүхбаатар, 2024 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. “Газар тариалангийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тогтвортой хөгжлийн гарц, шийдэл” онол үйлдвэрлэлийн бага хурал энэ сарын 27-ны өдөр Дархан-Уул аймагт боллоо.

 

Төвийн бүс болох Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн тариаланчдыг төлөөлөн 150 гаруй хүн бага хуралд оролцож, байр сууриа илэрхийлсэн байна.

 

Тун удахгүй хаврын тариалалт эхлэх гэж буй цаг мөчид болж буй бага хурлаар тариаланчдын өмнө тулгамдсан олон асуудлыг ярилцжээ.

 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Ундрам, “Буудайг олон улсын биржээр худалдаж, арилжаа нь түрүүлж хийгдээд тариаланчид хэдэн тонн буудай тарихаа төлөвлөдөг бодлого руу шилжих шаардлагатай. Гурилын үнийн хөөрөгдөлтэй тэмцэх нь зөв боловч хамгийн их эрсдэлийг тариаланчид үүрдэг. Үнэ тодорхойгүй, цаг агаар, байгалийн аюулт үзэгдэл гэх мэт эрсдэл ихтэй” гэлээ.  

 

Бага хурлын үеэр тариалан эрхлэгчдийн зүгээс импортын гурил, тэжээлийг татвараас чөлөөлбөл энэ жил улаан буудай, тэжээл тариалах шаардлагагүй хэмээн ярив.

 

Тус хурлаар тариалан эрхлэгчдийн хүний нөөц, нийгмийн даатгал, эрсдэлийн даатгал, үнийн тогтвортой байдлыг бүрдүүлэх хадгалах, тоног төхөөрөмж худалдан авах уян хатан нөхцөл бүрдүүлэх, төлөвлөгөөт газар тариалан эрхлэх боломжийг бүрдүүлэх тухай.

 

Мөн хөрс хамгаалал, үрийн нөөцийн хүрэлцээ хомс байдаг тухай, зоорь, хашааны асуудал, бага газарт тариалан эрхлэгчийн эрх ашгийг хамгаалах, хуулийн хэрэгжилт хангагдахгүй байгаа, гурилын үйлдвэрүүд хямд авдгаас гадна хорогдол их гардаг тул гаргасан зардлаа эргэн нөхөж чаддаггүй.

 

Түүнчлэн нэг газраас хураан авсан улаан буудайг лабораториудад шинжлүүлэхэд бүгд өөр хариу гардаг нь гурилын үйлдвэрийн дэргэдэх лабораторийн шинжилгээ эргэлзээтэй байгаа зэрэг тулгамдаж буй асуудлуудыг нээлттэй хэлэлцсэн байна.

Related news