Колумб улс Аргентины дипломатчдыг нутаг буцаана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-03-28 15:47:39

БОГОТА, 2024 оны гуравдугаар сарын 28 /DW/. Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей Колумбийн төрийн тэргүүн Густаво Петрог “террорист”, “алуурчин” гэж хэлсний дараа Колумбын эрх баригчид Аргентины дипломатчдад хандан нутаг буцахыг шаарджээ. 


Колумбийн Гадаад хэргийн яамнаас лхагва гарагт хийсэн мэдэгдэлд Аргентины Ерөнхийлөгчийн хэлсэн үг манай улсад итгэх итгэлийг бууруулахаас гадна ардчилсан замаар сонгогдсон Ерөнхийлөгч Петрогийн нэр төрд халдлаа гэж дурдсан байна


Тус яам яг хэдэн дипломатчийг нутаг буцахыг шаардсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ба энэ талаар Аргентинд дипломат сувгаармэдэгдэнэ гэдгээ дурджээ.


Х.Милей саяхан CNN телевизэд ярилцлага өгөхдөө дээрх үгсийг хэлсэн бөгөөд уг ярилцлага одоогоор бүрэн эхээрээ цацагдаагүй байгаа юм. “Ноён Петрогийн тухайд гэвэл, террорист алуурчин, коммунист байсан хүнээс их зүйл хүлээх хэрэггүй гэж Х.Милей хэлжээ.


Аргентины удирдагч өнгөрсөн 12 дугаар сард албан тушаалдаа орсноосоо хойш ширүүн үг хэллэгээрээ шуугиан тарьсаар байна. Нэгдүгээр сард Х.Милей мөн Г.Петрогийн талаар Колумбыг живүүлж буй алуурчин коммунист" гэж хэлсний дараа Колумб улс Аргентин дахь Элчин сайдаа эргүүлэн татсан юм.


Ноён Милей Колумбын Ерөнхийлөгчийг доромжилсон нь Колумб, Аргентины ахан дүүсийн харилцаанд нөлөөлсөн анхны тохиолдол биш юм” гэж Колумбын Гадаад хэргийн яам мэдэгджээ.


Г.Петро бол зүүний үзэлтэй Колумбын анхны ерөнхийлөгч юм. Тэрбээр өдгөө татан буугдсан М-19 гэдэг партизаны хөдөлгөөний идэвхтэн байжээ.

 


Related news