БАЯН-ӨЛГИЙ: Бүргэдийн баяр эдийн засагт 600 гаруй сая төгрөгийн орлого оруулдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-04-15 19:05:14

Өлгий, 2024 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт жил бүрийн 10 дугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд "Алтан бүргэд" баярыг зохион байгуулдаг уламжлалтай.


Бүргэдийн баяр нь Монгол Улсын аялал жуулчлалын үйл ажиллагаануудын нэг бөгөөд өнгөрсөн онд 24 дэх удаагаа зохион байгуулсан.


“Монгол Улсын аялал жуулчлалын үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө, бүтээгдэхүүн хөгжлийн дүн шинжилгээ, зөвлөмж” зөвлөх үйлчилгээний эцсийн тайлангаас харахад "Алтан бүргэд" аялал жуулчлалын үйл ажиллагаа нь эдийн засгийн нөлөөллөөрөө улсын хэмжээнд Үндэсний их баяр наадмын дараа орж байгаа.


Тус үйл ажиллагаанд жилд дунджаар 1000 орчим гадаадын жуулчин оролцдог. Үүнээс 600 гаруй сая төгрөгийн шууд ба шууд бус орлогыг манай улсын эдийн засагт оруулдаг байна.


Монгол Улсад ирсэн гадаадын нэг жуулчин дунджаар 13 хоногийг өнгөрүүлдэг. Тухайн хугацаанд ойролцоогоор 1658 ам.долларын зардал гаргадаг байна. Үүний 421 ам.доллар нь тээвэрт, 400 ам.доллар нь байранд, 319 ам.доллар нь бараа бүтээгдэхүүн худалдан авахад, 246 ам.долларыг хоол унданд, 272 ам.долларыг бусад үйлчилгээнд зарцуулдаг гэсэн тооцоог "АФИМ Монголиа" судалгааны байгууллага гаргажээ.


Харин Баян-Өлгий аймгийн "Алтан бүргэд" баярт оролцогчдын эдийн засгийн шууд буюу анхдагч нөлөө 425.9 сая, эдийн засгийн шууд бус буюу хоёрдогч нөлөө 175.8 сая, нийтдээ 601.6 сая төгрөг байдаг ажээ.


Манай улсад аялал жуулчлалын үйл ажиллагааг зохион байгуулахдаа тухайн ажлын уламжлал, соёлын гэх мэт үзүүлэлтүүдийг харгалзан үздэг атлаа улс орны эдийн засагт үзүүлэх нөлөөг тэр бүр чухалчилдаггүй байдал ажиглагддаг. Иймээс аялал жуулчлалын үйл ажиллагааны эдийн засгийн нөлөөлөлд онцгой анхаарах, орлогыг хэрхэн нэмэгдүүлэхэд дорвитой арга хэмжээ авах шаардлагатай хэмээн судлаачид үзэж байна.


Мөн орон нутгийн аялал жуулчлалын асуудал хариуцсан байгууллага нь зохион байгуулсан аялал жуулчлалын үйл ажиллагаа бүрийн дараа оролцогчдоос, тэр дундаа гадаадын жуулчдаас сэтгэл ханамж, зардлын талаар судалгаа авч байхыг зөвлөжээ. Ингэснээрээ эдийн засгийн нөлөөллийг үнэлэх анхан шатны тоо мэдээллийг зөв, оновчтой тодорхойлж улмаар эдийн засгийн нөлөөллийг зөв үнэлэх боломж бүрдэх юм. 

Related news