Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нурааж, дахин барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-18 14:24:03

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Тэрбээр, Дүнжингаравын уулзварт гарсан дэлбэрэлтийн ажлын хэсгийн дүгнэлтийг өнөөдөр холбогдох яамд УОК-т танилцуулсан. Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг цаашид ашиглах боломжгүй болсон учраас нурааж шинээр барина. Энэ асуудлыг Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэхээр болсон. Өөрөөр хэлбэл, хохирлыг барагдуулах, байрыг нураах, шинээр барих тэр хугацаанд хохирсон иргэдийн түрээсийн байрны төлбөрийг үргэлжлүүлэн төлөх, хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх асуудлыг нийслэлийн удирдлагуудад шилжүүлсэн. Уг асуудалд Засгийн газраас таван тэрбум төгрөг төсөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 2.1 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Үлдсэн 2.9 тэрбумыг нийслэлийн мэдэлд шилжүүллээ. Амь насаа алдсан, гэмтэж бэртсэн хүмүүсийн ар гэрт нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг НЗДТГ-т даалгасан. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станцуудад тавигдах стандартыг шинэчилж, мөрдүүлнэ” гэв.



Галд хамгийн ихээр өртсөн 207 дугаар барилга нь 12 давхар, мөн зоорьтой. 2017 онд улсын комисс хүлээж авсан. Тухайн барилгын гадна талын фасад нь 75 орчим хувь нь бүхэлдээ шатсан. 10 айлын сууц бүхэлдээ, 45 айлын гал тогоо, унтлагны өрөө, ариун цэврийн өрөө хэсэгчлэн галд өртсөн. Найман айл л галд өртөөгүй. Барилгын багана, дам нуруунд үүссэн ан цав өргөний хэмжээ нь барилгын норм дүнгээс тав дахин их гарчээ. Энэ нь газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн үг.


Хана, хучилт баганаас 14 ширхэг дээж авч нүүрсхүчлийн нэвчилтийн байдлыг шалгасан. Нүүрсхүчлийн хий тархсан нь дотор байгаа арматур зэврэхэд хүчтэй нөлөөлөх эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан зэрэг нь ашиглалтын үеийн аюулгүй байдлын шаардлагыг хангахгүй гэж үзжээ. 



Related news