БУЛГАН: Цогт хун тайжийн хөшөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-04-24 09:43:14

Булган, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол үндэстний эв нэгдэл тусгаар тогтнолын төлөө мятаршгүй тэмцэгч, цэргийн гарамгай жанжин, соён гэгээрүүлэгч их бичгийн хүн, Чингис хааны үр Очир хааны ач халхын Цогт хун тайжийн хөшөө дурсгал Булган аймгийн төв талбайд байдаг.

 


Цогт хун тайжийн энэ хүрэл баримал хөшөөг монголын урчуудын эвлэлийн гишүүн уран барималч Аюурзаны Очирболдын урласан эскиз загвараар “Өнгө аяс” компанийн уран бүтээлчид Хотгойд овогтой Түдэвийн Батжаргалын санаачилга, зохион байгуулалт дор 2012 оны 6 дугаар сард урлан бүтээжээ.


Уг хөшөө нь морь унасан, монгол цэргийн иж бүрэн хуяг, дуулгыг өмсөж, нум сум агссан жанжны дүр төрхийг харуулсан байна. Зүүн гартаа судар барин, баруун гараа өргөн цэргүүдийнхээ анхаарлыг татаж, алсын барааг тольдон буй дүрийг илтгэсэн. Хөшөөний суурийн нүүрэн талд “Чингис хааны үр Очир хааны ач халхын Цогт хунтайж 1581-1637” гэсэн үгийг уйгаржин болон кирилл үсгээр гантиг чулуун дээр сийлэн бичжээ.




Цогт хунтайж гэж алдаршсан Түмэнхэн /1581–1637/ нь Халхын язгууртан юм. Цахар харьяаны зарим монгол отгууд Лигдэн хаантай зөрчилдөж Өмнөд монголоос Халхад ирээд Далай жононг Сэцэн хан болгосон явдалд дургүйцэж Цогт тайж Халхын ноёдтой эвдрэлцжээ. Улмаар тэр Халхыг орхиж Хөхнуур зүг цэрэг, ардаа авч нүүв.

 



Цогт Туул голын орчимд төвлөрч суудаг байсан бөгөөд улааны шашны сүм дуган бариулж, ном эрдмийг дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэсэн соён гэгээрүүлэгч байв. 1601 онд бариулсан Цогтын цагаан байшингийн балгас өнөө үеийг хүртэл үлдэж хоцорчээ.




Тэрээр Төвөд рүү довтлохдоо Их Монгол Улсын Лигдэн хаантай хүч хавсрахаар хэлэлцсэн байсан боловч Лигдэн хаан 1634 онд, Цогттой нийлж амжилгүй нас эцэслэсэн. Гэвч Цогт давшилтаа үргэлжлүүлэн, мөн онд Хөхнуурын Түмэдүүдийг цохиж, тэнд төвлөрөн суужээ. Тэгээд улааны шашныхны хүсэлтээр хүү Арслангаа 1635 онд Төвөд рүү цэрэг удирдуулж явуулсан байна. Гэвч Арслан 5-р Далай ламтай уулзаж, шарын шашинд орж, аавынхаа холбоотнуудыг довтолсон тул Цогт хүүгээ цаазлахыг тушааж, Арслан алагджээ.




Ийнхүү шарын шашинтнууд Хошуудын Гүүш хаанаас тусламж хүссэнээр 1636 онд Зүүнгарын цэргүүд Төвөдөд ирж, мөн үүнд Халхын баруун гарын жононгийн цэргүүд оролцсоноор 1637 онд болсон шийдвэрлэх тулалдааны үед амь эрсэдсэн байна.

 

関連ニュース