УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын зөвлөлийн саналд хариу өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-13 19:20:07
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар батлах тухай АН-ын зөвлөлийн хүсэлтийн хариуг өнөөдөр тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатад гардууллаа. 


Тус зөвлөл УИХ-аар хэлэлцэж буй Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн барьсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар батлах хүсэлт гаргаж УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн юм. 

Хүсэлтийн хариуг гардуулах үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, “Үндсэн хуулийн 68.2 дахь хэсэг, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17.1-т заасны дагуу Ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа шийдвэрлэх зохицуулалттай. Тиймээс Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл, саналыг одоо хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлтэй уялдуулах, зөвшилцөх үүрэг бүхий ажлын баг байгуулсан. Энэхүү ажлын баг болон төслийн хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багт саналаа өгч, идэвхтэй оролцохыг хариу бичигт хүссэн” хэмээв. 


УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, “Үндсэн хуульд оруулах нэмэлт,  өөрчлөлт нь эцсийн дүндээ иргэдтэй хийж буй гэрээ учраас Ард нийтийн санал асуулга заавал явуулах ёстой гэсэн зарчмын байр суурийг манай нам илэрхийлсэн. Энэ байр суурь дээрээ ч бид хэвээрээ байгаа гэдгийг баталж байна. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багийн ахлагч, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинд АН-ын зөвлөлөөс байр сууриа гурван зүйл бүхий саналаар хүргүүлсэн. Үндсэн хуулийн үр дагавараас ард иргэдийн ахуй амьдралд болохгүй байгаа зүйлийг цоо шинээр харах шаардлага үүссэнтэй санал нэгдэж байна. Гагцхүү үнэмлэхүй олонх, цөөнх гэлтгүй нийгмийнхээ хүрээнд, улс төрийн намын хүрээнд ойлголцож, төслийг батлах ёстой. Ерөнхийлөгчийн төсөл, саналыг АН-ын зөвлөл зарчмын хувьд дэмжиж байгаа. Харин дээр дурдсан АН-ын зөвлөлөөс хүргүүлсэн гурван зүйл бүхий саналыг тусгаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй гэж шийдвэрлэвэл АН-ын зөвлөл цаашид хэлэлцүүлэгт оролцоход бэлэн” хэмээв. 


УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын зөвлөлийн дэмжиж байгаа Ерөнхийлөгчийн төсөл, санал дахь УИХ-ын 108 гишүүнтэй болох, бүрэн эрхийн хугацааг нь таван жил болгох, сонгуулийн холимог тогтолцооны талаарх саналтай нэгдэж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, “Нэлээд хугацаанд хэлэлцүүлэг өрнүүлж, улс төрийн нам, эрдэмтэн судлаачдыг хамруулан аль болох олон талын оролцоотой, зөвшилцлөөр шийдэхийг эрмэлзэж байна. Бүх ард иргэд сонгосон Ерөнхийлөгчийн ахалсан зөвшилцлийн ажлын багийг АН-ын зөвлөл дэмжиж, саналаа нэгтгэж оролцох хэрэгтэй. Монголын ард түмний хүсэл, эрмэлзлэлийг төлөөлөх эрх үүрэгтэй Ерөнхийлөгч болон УИХ-ын түвшинд асуудлыг сайтар хэлэлцэх нь зүйтэй” хэмээв.

Ерөнхийлөгчийн төсөл, санал дахь УИХ-ын гишүүдийг 108 болгох тоонд тулгуурлаж, энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэж, зөвшилцөх нь зүйтэйг АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат онцолж байв. Тэрбээр, “Хамгийн гол нь иргэд хэлэлцүүлгийн талаарх мэдээлэл хомс байгаагаас эерэг болон сөрөг мэдээлэл хөвөрч байна. Тиймээс ард нийтэд мэдээлэл өгөх хэрэгтэй байгаа”-г онцлон тэмдэглэв. 

Холбоотой мэдээ