Зээлийн өрийн үлдэгдлийн 6.4 хувийг тэтгэврийн зээл эзэлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-01-16 14:25:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ҮСХ-ноос Монгол Улсын өнгөрсөн 2019 оны нийгэм, эдийн засгийн байдлын жилийн статистик мэдээг танилцууллаа. 


Бүртгэлтэй 27.2 мянган иргэн ажилд зуучлагдан оржээ


Өнгөрсөн онд аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажилгүй 87 мянган иргэн шинээр бүртгүүлжээ. Бүртгэлтэй байсан 27.2 мянган иргэн ажилд зуучлагдаж, 64 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа гэсэн шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Нийслэлд өнгөрсөн онд нийт 33.473 иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлснээс 10.878 нь ажилд зуучлагдан орсон байна. 

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2019 оны 12 дугаар сарын эцэст 37 мянга, үүнээс 20.8 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 16.2 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. 


Монголд гадаадын 4.6 мянган иргэн хөдөлмөр эрхэлж байна


Манай улсад 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар гадаадын 95 улсын 4.6 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр буюу цалин хөлс, орлого олох зорилгоор ажиллаж байна. Ажил эрхэлж буй гадаадын иргэд өмнөх улирлаас 5.8 мянгаар буюу 55.6 хувиар буурчээ. Энэ нь уул уурхайн олборлолт болон барилгын ажилтай холбоотой байна. 

Монгол Улсад ажиллаж буй гадаадын иргэдийн 1.8 мянга нь уул уурхай, олборлолтын салбарт ажиллаж байна. Энэ нь ажил эрхэлж буй нийт гадаад иргэдийн 38.3 хувийг эзэлж байна. Боловсролын салбарт 990 хүн буюу 21.5 хувь нь, удаалаад 759 хүн буюу 16.5 хувь нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар-үйлчилгээ эрхэлж байна. 

Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй нийт гадаад иргэний дийлэнх буюу 36.2 хувийг БНХАУ-ын, 8.8 хувийг Австрали улсын, 7.1 хувийг ОХУ-ын, 6.1 хувийг БНСУ-ын иргэд эзэлж байна. 


Иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл 0.4 хувиар буурчээ


Иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны 11 дүгээр сарын эцэст 12.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 51.1 тэрбум төгрөгөөр буюу 0.4 хувиар буурч, өмнөх оны мөн үеэс 789.9 тэрбум төгрөгөөр буюу 7 хувиар өссөн байна. Иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдлийн:

  • 37.7 хувийг ипотекийн зээл, 
  • 26.3 хувийг цалингийн зээл, 
  • 13.3 хувийг ЖДҮ-ийн зээл, 
  • 10.4 хувийг хэрэглээний зээл, 
  • 6.4 хувийг тэтгэврийн зээл, 
  • 5.9 хувийг бусад зээл тус тус эзэлж байна. 

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ


Холбоотой мэдээ