Италид халдварын тархалт хумигдаж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-04-08 11:22:10

РОМ. /TASS/. Италид коронавирусний халдварын тархалт хумигдаж эхэлсэн тухай тус улсын Эрүүл мэндийн хүрээлэнгийн төлөөлөгч Жованни Рецца ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.


“Эцэст нь халдварын тохиолдлын тоо буурах хандлага ажиглагдаж байна. Үүнд итгэлтэй байхын тулд ирэх өдрүүдийн мэдээллийг хүлээх хэрэгтэй” гэж тэрбээр хэлсэн байна.


Италийн Иргэний хамгааллын газрын дарга Анжело Борреллийн мэдээлснээр, мягмар гарагт тус улсад 800 шинэ тохиолдол бүртгэгджээ. Энэ нь гуравдугаар сарын 10-наас хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн цөөн тохиолдол болсон байна. Гэсэн хэдий ч нас баралтын тоо өндөр хэвээр байгаа аж. Мягмар гаргийн байдлаар Италид коронавирусний халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо 604-өөр нэмэгдэж, нийт хүний тоо 17 мянга давсан бол 1555 хүн эдгэрснээр эмнэлгээс гарсан хүний тоо 24392 болсон байна. Халдвар тархсанаас хойш тус улсад 135 586 хүн коронавирусээр халдварлажээ.


Холбоотой мэдээ