АНУ БНАСАУ-ыг буруутгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-29 09:44:11

НЬЮ-ЙОРК. /The Wall Street Journal/.  АНУ-ын авч хэрэгжүүлсэн хориг арга хэмжээг тойруулан БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор 2013 оноос хойш нийт 2.5 тэрбум ам.долларын хууль бус шилжүүлэг хийж, эрх баригчдад туслалцаа үзүүлсэн хэмээн  АНУ-ын Хууль зүйн яам БНАСАУ, БНХАУ-ын 30 гаруй иргэнийг буруутгажээ. 


“АНУ-ын хориг арга хэмжээний жагсаалтад багтдаг БНАСАУ-ын Гадаад худалдааны банкны төлөөлөгчид мөнгө шилжүүлэх зорилгоор Тайланд, Австри, ОХУ, БНХАУ болон өөр хэд хэдэн улсад нууц салбаруудаа байгуулж, үйл ажиллагаа явуулж байсан. Дийлэнх гишүүд нь БНАСАУ-ын иргэдээс бүрдсэн, АНУ-ын Хууль зүйн яамны буруутгаад буй уг бүлэг нь эдгээр банкуудын тусламжтай 250 гаруй хуурамч компаниар дамжуулан хамгийн багадаа 2.5 тэрбум ам.долларын төлбөр тооцоог хууль бусаар хийжээ. Эдгээр төлбөр тооцоо нь АНУ-аар мөн дамжсан” гэж Америкийн прокуроруудын баримт бичигт дурджээ.


“Хамгийн сүүлд өнгөрсөн 1 дүгээр сард хууль бус шилжүүлэг хийжээ. Дээр дурдагдсан мөнгөн шилжүүлэг нь АНУ, БНАСАУ хоорондын яриа хэлэлцээний үйл явц зогсонги байдалд орох шалтгаануудын нэг болжээ” гэж “The Wall Street Journal” сонин тэмдэглэжээ.


НҮБ-ын БНАСАУ-ын Байнгын төлөөлөгчийн газар энэ талаарх мэдээлэлд тайлбар өгөөгүй аж. 

Холбоотой мэдээ