Хонконгийн крипто арилжааны биржийг мөрдөн шалгаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-09-22 14:37:08

ХОНКОНГ. /BBC/. Хөрөнгө оруулагчдын зүгээс 1.3 тэрбум хонконг доллароо алдсан гэж гомдол мэдүүлсний дараа Хонконгийн цагдаагийн газраас криптовалютын арилжааны “JPEX” компанийг залилангийн хэрэгт холбогдуулан мөрдөн шалгаж эхэлжээ. 


Нийт 2000 хүнээс гомдол ирсний дараа энэ долоо хоногт 11 хүнийг баривчилсны дотор алдартай инфлюнсерүүд байжээ. Энэ нь Хонконгийн түүхэн дэх хамгийн том залилангийн хэрэг болж магадгүй гэж хэвлэлүүдэд бичиж байна.


Дубайд төвтэй “JPEX” платформ нь виртуал хөрөнгийн арилжаа хийх зөвшөөрөлгүй ажиллаж байсныг Хонконгийн Үнэт цаас, фьючерсийн хороо /SFC/ өнгөрсөн долоо хоногт илрүүлжээ. Харин тус платформын зүгээс мэдэгдэхдээ "энэ оны зургаадугаар сараас тавьж эхэлсэн шаардлагуудыг хангахыг хичээсэн боловч бидний хүчин чармайлтыг SFC  үгүйсгэж, хүсэлтийг хойшлуулж байсан" гэжээ.


Гомдол гаргасан хүмүүсийн ихэнх нь богино хугацаанд их өгөөж хүртэнэ гэж итгэсэн туршлагагүй хөрөнгө оруулагчид байсан гэдгийг цагдаа нар мэдэгджээ. Инфлюсерүүдтэй хамтарснаас гадна “JPEX” компани Хонконгийн төмөр замын сүлжээний том самбаруудыг ашиглан зар сурталчилгаагаа хийсэн байна.


Баривчлагдсан инфлюнсерүүдийн нэг болох Жозеф Ламыг цагдаа нар машинд суулгаж буйг Хонконгийн телевизээр харуулсан байна. Ж.Лам бол хуульчаас даатгалын ажилтан болсон нэгэн бөгөөд нийгмийн сүлжээн дэх нийтлэлүүддээ байшин худалдаж авах, нийгэмд эзлэх байр сууриа өсгөхөд биткоины тус нэмэр хэр их болохыг өөрийг нь дагагч хүмүүст сурталчилж байжээМөн YouTube” -д 200 мянган дагагчтай Чан Ее баривчлагджээ. Хонконгт баривчилгаа эхэлснээс хойш JPEX дээрх зарим арилжааны үйл ажиллагаа хаагдсан бөгөөд хотын удирдлагаас вэб рүү нэвтрэхийг хаасан бололтой.


Хонконгийн засаг захиргааны тэргүүн Жон Ли хэлэхдээ, хууль сахиулагчид “нөхцөл байдлыг маш нарийн хянан шалгаж, хөрөнгө оруулагчдыг хамгаалах болно. Хөрөнгө оруулагчид виртуал хөрөнгөд хөрөнгө оруулахыг хүсэж байгаа бол лицензтэй платформ дээр хөрөнгө оруулах ёстой гэдгийг энэ үйл явдал харуулж байна гэж сэтгүүлчдэд мэдээлжээ.


Хонконгт энэ оны зургаадугаар сараас эхлэн виртуал хөрөнгийн арилжааны платформуудыг лицензтэй байхыг SFC-ноос шаардах болжээ. 2022 оны сүүлчээр батлагдсан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийн шинэчилсэн найруулгын дагуу ийм арга хэмжээ авч эхэлсэн байна


Ж.Ли хэлсэн үгэндээ "эрсдэлийн тухай, мөн платформууд ямар зохицуулалтын дагуу ажилладаг талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулахын тулд манай засаг захиргаа хөрөнгө оруулагчдын боловсролыг дээшлүүлэх чиглэлд ажиллана" гэж мэдэгджээ.


Холбоотой мэдээ