Польшийн парламентын сонгуульд сөрөг хүчнийхэн ялжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-10-18 11:40:47

ВАРШАВ, 2023 оны аравдугаар сарын 18 /Politico/. Польшид өнгөрсөн ням гарагт болсон бүх нийтийн сонгуулиар сөрөг хүчний намууд 2015 оноос хойш тус улсыг удирдаж буй Хууль ба Шударга ёс намаас /PiS/ эрх мэдлийг шилжүүлэн авахад хангалттай тооны суудлыг авлаа гэж Сонгуулийн үндэсний хорооноос мягмар гарагт мэдээлжээ.


Энэ удаагийн сонгуулийн ирц 74.4 хувьтай байсан бөгөөд “PiS томоохон намын хувиар байр сууриа хадгалсан боловч 460 гишүүнтэй парламентын доод танхимд эвсэл байгуулах эрхийг авч чадаагүй байна.


Сонгуулийн эцсийн дүнгээр, PiS нам 35.4 хувь, төвч үзэлт Иргэний эвсэл 30.7 хувь, баруун төвч үзэл баримтлалтай Гурав дахь зам нам 14.4 хувь, “Шинэ Зүүн” нам 8.6 хувь, барууны үзэл баримтлалтай Холбооны нам 7.2 хувийн саналыг тус тус авчээ. Ингэснээр “PiS 194 суудал, Иргэний эвсэл 157 суудал, Гурав дахь зам 65 суудал, “Шинэ Зүүн” намынхан 26 суудал, Холбооны нам 18 суудал авсан гэсэн үг юм.


Ийнхүү Ерөнхий сайд асан, Европын Зөвлөлийн тэргүүн Дональд Тускийн тэргүүлдэг Иргэний эвсэл” болон Гурав дахь зам”, “Шинэ Зүүн” намууд эвслийн засгийн газар байгуулахаар болж байна. Эдгээр нам нийлээд 248 суудал авчээ.


Сөрөг хүчин мөн парламентын дээд танхим болох Сенатад байр сууриа бэхжүүлж, 66 суудал авсан бол “PiS” нам 34 суудалтай болжээ. Одоо Ерөнхийлөгч Анджей Дудагаас дараагийн алхам шалтгаалах бөгөөд тэрбээр Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүнийг нэрлэх ёстой.

Холбоотой мэдээ