ОУВС: Ази, Номхон далайн орнуудын эдийн засаг 4.6 хувиар өснө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-10-18 17:36:02

СИНГАПУР, 2023 оны аравдугаар сарын 18 /Xinhua/. Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн идэвхжил 2023 онд дэлхийн эдийн засгийн өсөлтийн гуравны хоёр орчмыг бүрдүүлэх төлөвтэй хэвээр байна гэж Олон улсын валютын сан /ОУВС/ мэдэгджээ.


Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлт 2023 онд 4.6 хувьд хүрснээр 2022 оныхоос /3.9 хувь/ өсөх төлөвтэй байгаа бөгөөд энэ оны тавдугаар сард танилцуулсан урьдчилсан таамагтай ерөнхийдөө ойролцоо байна гэж ОУВС-гаас өнөөдөр танилцуулсан тус бүс нутгийн эдийн засгийн төлөв байдлын талаарх хамгийн сүүлийн үеийн тайланд дурдсан байна.


Энэ онд дэлхийн эдийн засаг 3 хувиар өсөх төлөвтэй байгаатай харьцуулахад Ази, Номхон далайн бүс нутгийн үзүүлэлт харьцангуй өндөр хэвээр байна. Харин 2024 онд 4.2 хувьд хүрч буурах төлөвтэй байна.


Инфляцын тухайд, Японоос бусад Ази, Номхон далайн орнуудын инфляц 2024 оны эцэс гэхэд Төв банкуудын зорилтот түвшинд хүрч буурна гэж ОУВС тооцоолжээ. Гэсэн хэдий ч дэлхийн бусад улс орнуудад өөр байх бөгөөд зорилтот түвшинд 2025 оноос нааш хүрэхгүй бололтой.


Олон талын хамтын ажиллагааг бэхжүүлж, талцал хуваагдлаас үүдэлтэй үр дагаврыг багасгах нь Азийн дунд хугацааны хэтийн төлөвт амин чухал юм гэж ОУВС дүгнэжээ.

Холбоотой мэдээ